Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан:


Монгол улсынхаа бүхий л өнцөг буланд хүрч ажиллахыг хичээж байна.


      
   “4000 айлын орон сууц” хөтөлбөрт одоогоор хичнээн өрх хамрагдаж, байрандаа ороод байгаа вэ?

       Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “4000 айлын орон сууц” хөтөлбөр нь Монгол орон даяар эмч, багш нар гээд төрийн бүх шатны байгууллагыг хамарсан, хамгийн их үйлчилгээ үзүүлдэг хэрнээ хамгийн их нийгмийн асуудалтай байдаг байгууллагуудад хүрч байгаагаараа онцлогтой хөтөлбөр болж байна.

       Өмнө нь зөвхөн банкны барьцаанд байгаа барилгад зээл олгоно, байрны үнэ м2 нь 650.000 төгрөгөөс ихгүй байх гэхчлэн нэлээд хатуу заалтууд байсан. Эдгээр нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байлаа. Харин энэ оны 3 дугаар сарын 17-нд Засгийн газрын шийдвэрээр журамд өөрчлөлт оруулснаар хөтөлбөр нилээд идэвхжиж, одоогийн байдлаар 430 гаруй хүний асуудлыг шийдвэрлэж, 12 тэрбум орчим төгрөгийн зээл олгоод байна. Цаана нь материалаа бүрэн бүрдүүлсэн 800 гаруй хүн, материал нь байхгүй ч нэр нь ирсэн 2000 орчим хүн зээл хүлээж байна.

       4000 айл гэдэг тооцоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ? Тухайн үед улсын комисст хүлээлгээд өгчихсөн хэрнээ эзнээ олоогүй байсан байрны тоо гэж ойлгож болох уу? Хэрэв тийм бол одоо шинээр баригдаж байгаа, энэ оны сүүлчээр эсвэл ирэх жилээс ашиглалтанд орох байрнуудаас төрийн албан хаагчид сонголт хийх боломжгүй гэсэн үг үү?

      Тийм ээ, тухайн үед барилгын салбарт борлуулах шаардлагатай орон сууцны тоог 4000 гэж гаргаж ирсэн. Явцын дунд бэлэн орон сууцны тоо багассан л даа. Тийм болохоор дуусах шатандаа явж байгаа барилгуудыг энэ хөтөлбөрт хамруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, аль болох өргөн сонголттой байлгахыг зорьж байна.

      Энэ хөтөлбөрөөс хөдөө орон нутагт хичнээн квот хуваарилсан бэ?

      Квотыг Засгийн газраас хуваарилж байгаа. Бидэнд ирсэн байгаа судалгаагаар 4000 квотоос 2000 орчим нь хөдөө орон нутагт хуваарилагдсан байна.

          Орон нутгийн квотод багтсан иргэд заавал Улаанбаатар хотод баригдсан орон сууцнаас худалдаж авах ёстой юу? Журмаараа яаж зохицуулсан байдаг юм бол?
       
        Орон нутагт хуваарилсан квотод багтсан төрийн албан хаагчид Улаанбаатар хот болон тухайн аймаг сумандаа баригдсан барилгын альнаас нь ч худалдан авах боломжтой. Одоогийн байдлаар 300 гаруй иргэн тухайн орон нутагтаа, 1000 гаруй хүн нь хотод байр авах байр худалдан авах саналтай байгаагаа илэрхийлээд байна.
 
        Хөдөө орон нутагт квот өгснөөр хот уруу шилжих хөдөлгөөнийг төр өөрөө өөгшүүлэн дэмжиж байгаа хэрэг хэмээн буруутгах хүмүүс бас байна л даа. Энэ тухайд юу гэж хэлэх вэ?

        Өнөөдрийн байдлаар 140 мянга гаруй иргэн төрийн албанд зүтгэж байна. Тэднээс 1000 гаруй иргэний орон байрны асуудлыг нийслэлд шийдэж өгснөөр хот төвлөрөлтийг улам өөгшүүлж байна хэмээн дүгнэж болохгүй. Насаараа хөдөө амьдарч байгаа хүмүүс үр хүүхдээ хотод амьдраасай гэж хүсч байж болно шүү дээ. Энэ хөтөлбөр бол тухайн иргэний хүсэл зоригийг нэн тэргүүнд тавьж байгаа гэж хэлж болно.

        ОССК-аас орон нутагт барилга, орон сууц барьж байгаа компаниудыг дэмжиж, хамтран ажиллах тал дээр хэр анхаарч байгаа вэ?

        “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ЗГ-ын бондоор бүх аймгийн төвд 20, 30, 40 айлын орон сууц, зарим сумдад 4-8 айлын сууц барьсан. Нийт 1500 орчим айлын орон сууц барьснаас 960 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваад, ашиглалтанд оруулчихсан байгаа. Үлдсэн 500 гаруй айлын орон сууцыг энэ ондоо багтаагаад дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

         Хувийн хэвшлийнхний хувьд Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь, Төв, Сэлэнгэ зэрэг зарим аймагт ашиг алдагдлаа тооцоод барилга барьж байгаа. Гэтэл Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг алслагдсан аймгуудад ЗГ-ын бондоор барьж байгаа барилгаас өөр барилгын ажил хийгдэхгүй байгаа. Яагаад гэвэл ашиг байхгүй, маш хүнд нөхцөлтэй.

          Тэгвэл “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд ОССК-аас хичнээн барилгын компанид хэдий хэмжээний санхүүжилт хийж, хичнээн өрхөд зээл олгосон бэ?

      &
nbsp;   Дээр хэлсэнчлэн, 1500 айлын барилгыг санхүүжүүлээд дээр нь худалдаж авсан айлуудад нь зээл олгосон. Түүнээс гадна Улаанбаатар хотод зах зээл дээрээс орон сууц худалдаж авсан 440 айлд “Улаанбаатар” болон “Капитал” банкаар дамжуулан зээл олгосон. Мөн Буянт-Ухаад 63 айлын 4 байр, нийт 260 орчим айлын орон сууц барьж байгаа. Үүнээс эхний хоёр барилга нь ашиглалтанд орсон. 1 м2 нь 700 мянга орчим төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Энэ жил 7-р хорооллын барилгын ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ мэтчилэн, иргэдэд зээл олгохоос гадна Засгийн газрын бондоор хямд үнэтэй орон сууцны барилгыг санхүүжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ.

           Нэг үеэ бодвол байрны үнэ тогтворжсон ч шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцнуудын үнэ харьцангуй өндөр байна. Гэтэл заавал шинэ байр худалдаж авсан тохиолдолд зээл олгоно гээд байх юм?
          Зээлсэн мөнгөөрөө арай хямд өртөгтэй хуучин орон сууц худалдаж авах эсвэл амины орон сууц барихыг хүсч байгаа хүмүүс байна шүү дээ. Энэ тохиолдолд ямар гарц байна вэ?

           Энэ хөтөлбөр нь арилжааны банкны зээлээр санхүүжиж барьсан барилгуудыг борлуулж, энэ салбарыг гацаанаас гаргая, төрийн албан хаагчдаа орон сууцтай болгоё гэсэн үндсэн зорилготой. Тиймээс энэ зорилгыг хангаж ажиллах нь бидний үүрэг. Яваандаа хуучин орон сууц худалдаж авахад санхүүжилт хийж болзошгүй. Гэхдээ хуучин орон сууцнуудыг ихээр борлуулснаар байрын үнийг хөөрөгдөж, инфляци үүсгэх аюултай. Манай байгууллага байгуулагдаад гуравхан жилийн нүүр үзэж байна. Гэсэн хэдий ч Монгол улсынхаа бүхий л өнцөг буланд хүрч ажиллахыг хичээж байна. Гэхдээ барилгын ажлыг санхүүжүүлнэ гэдэг барилгын компаниа сонгохоос эхлээд дэд бүтцээ бий болгох, дараа нь барьсан барилгаа борлуулах, борлуулах явцад зээлийн шаардлага хангасан хангаагүй иргэд гарч ирнэ гээд маш их цаг хугацаа, олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг ажил юм . Хамгийн гол нь санхүүгийн эх үүсвэр хангалттай байх ёстой.
           Танд баярлалаа

Leave a Reply