“Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас хэрэгжүүлж буй “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” сургалт Барилгын хөгжлийн төвд зохион байгуулагдаж байна.
Төрийн албанд жендэрийн тэгш байдлыг хангах, удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын яамнаас анхлан хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Сургалтыг Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нээж, үг хэлэн оролцогчид болон зохион байгуулагч талд амжилт хүслээ.
2021-2022 оны ээлжит хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрын яам, агентлагууд болон аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй 60, Барилга хот байгуулалтын яамнаас 10, нийт 70 эмэгтэй удирдах ажилтан сонгогдон оролцож байгаа бөгөөд хөтөлбөр “Манлайллын сургалт”, “Коучийн сургалт”, “Менторшип хөтөлбөр ” гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гурван сарын туршид цахимаар үргэлжлэх юм.