2010 оны 9 дүгээр сар ын 17-ны өдрийн Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжаагааар 4000 Төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах xөтөлбөрийг санхүүжүүлэхээр гаргасан Засгийн газрын 30 тэрбум төгрөгийн бондыг арилжлаа. 365 хоногийн хугацаатай, жилийн 7.5%-ийн хүүтэй, нэг бүр нь 10.0 сая төгрөгийн 1500 ширхэг бондыг 7.2%-7.29% хүүтэйгээр 15.0 тэрбум төгрөгөөр, 546 хоногийн хугацаатай жилийн 7.8%-ийн хүүтэй, нэг бүр нь 10.0 сая төгрөгийн 1500 ширхэг бондыг 7.79% -7.8%-ийн хүүтэйгээр 15.0 тэрбум төгрөгөөр тус тус арилжсан байна.
Хувьцааны арилжаагаар нийт 23 ХК-ийн 198.0 мянган ширхэг хувьцааг 39.3 сая төгрөгөөр арилжсан бөгөөд 5 үнэт цаасны ханш өсч, 6 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ өмнөх өдрөөс 5.7 тэрбум төгрөгөөр буюу 0.5%-иар буурч, нэг их наяд 186.5 тэрбум төгрөг болсон байна.
Топ-20 индекс 13462.54 нэгж болсон нь өмнөх өдрөөс 283.54 нэгжээр буюу 2.1% буурчээ. Индексийн сагсад багтах "Шарын гол" /11.99%/, "Мах импекс" /1.38%/, МЦХ /1.32%/, Багануур /4.26%/, Могойн гол /0.12%/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.