Өнөөдөр Засгийн газрын бондын арилжаа эхэлнэ

    Монгол Улсын Сангийн яамнаас Засгийн газрын Бондын арилжаа өнөөдөр эхэлж байна. Энэхүү арилжааг энэ сарын 9-ний өдрөөс 10-р сарын сүүлч хүртэл долоо хоног бүрийн Мягмар гаригт явуулахаар боллоо.

    Засгийн газрын бондын арилжаа нь арилжааны банкуудаар дамжуулан ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин нийт 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж санхүүжүүлэх юм.Эхний ээлжинд 25,0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг өнөөдөр 14 цаг 30 минутаас Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаална.

    Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс дуудлага худалдаанд оролцох дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Төв банкин дах Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд арилжаа эхлэхээс 30 минутын өмнө байршуулсан байна.
 
    Үнэт цаасны хүү 2012 оны тав болон арван нэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд төлөгдөх ба хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дуусах юм. Дээрх Засгийн газрын үнэт цаасны арилжааны эх үүсвэрийг Засгийн газрын зарим зорилтот хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдна.

Leave a Reply