You are currently viewing “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ФОРУМ-2021” ЭХЭЛЛЭЭ

“БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ФОРУМ-2021” ЭХЭЛЛЭЭ

Форумын гол зорилго дотоодоосоо барилгын материалаа хангаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын материал үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна.

Форумыг нээж Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо үг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн,  Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүн Д.Өнөрболор, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар форумын эхэнд үг хэлж, барилгын салбарын бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг хөндлөө.

Өнөөдрийн форумд барилгын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, салбарын асуудлуудаа танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Тухайлбал, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого”, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ий биелэлт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт Монгол Улс барилгын материалаа дотоодоосоо ханган ажиллах зорилтууд тусгагдсан байдгийг мэдээллийнхээ эхэнд онцолсон. Мөн “Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын баримт бичиг” 2019 онд батлагдсан. БХБЯ нь эдгээр бодлогын баримт бичигт нийцүүлэн дотоодын үйлдвэр болон ханган нийлүүлэлт гэсэн чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж, барилгын материалаа дотооддоо эрдэс түүхий эдээрээ үйлдвэрлэх, барилгын салбарын чанар стандарт, хүртээмж, хүний нөөц зэрэг олон асуудлууд руу чиглэсэн бодлого боловсруулан ажиллаж байгааг танилцуулсан юм.

Мөн “Монгол Улс барилгын материалын хэрэгцээнийхээ 38 хувийг дотоодоос хангаж, үлдсэн хувийг импортоор авч байгааг, Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт цемент, арматур, хавтгай шил гэсэн нэр бүхий барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тусгасан. Энэ хүрээнд арматурын 15 үйлдвэр, цементийн таван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ховд аймагт зургаа дахь үйлдвэр ашиглалтад орно” гэдгийг илтгэлдээ танилцууллаа.