NEWS.MN сайт
2010 гэх нэгэн оныг бид үдэж, эдийн засгийн үсрэнгүй хөгжил гарах 2011 оныг угтлаа. Энэ онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд ихээхэн өөрчлөлт гарах жил байх болно гэдгийг гадаадын ажиглагч болон дотоодын мэргэжилтнүүд хэлдэг. Тун удахгүй Дэлхийн банк 2011 онд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын урьдчилсан мэдээг олон нийтэд танилцуулахаар зэхэж байгаа.
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос 2010 онд эдийн засгийн өсөлт 6,1 хувь байна гэдгийг олон нийтэд зарлаж, 2011 онд 20 хувь давна гэж байсан юм. Харин энэ их өөрчлөлтийн өмнөх жилийн нийгэм, эдийн засгийн мэдээлэлд анхаарал хандуулъя. Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны жилийн эцсийн дүнг урьдчилсан байдлаар гаргаснаа олон нийтэд мэдээлэв.
Статистикчдийн гаргасан мэдээлэлд хэд хэдэн таатай тоо байх ч бас анхаарал татахаар мэдээ ч байгаа юм. Зээлийн хэмжээ ихэсч, чанаргүй нь багасчээ. Зөв ашиглаж чадсан хүндээ зээл хэрэгтэй гэдэг. Харин төлж чадахгүй хүнд бол түвэг . Гэхдээ эх орны бүтээн байгуулалтад зээл маш чухал үүрэг гүйцэтгэх нь бий. Тиймдээ ч Төв банк бодлогын хүүгээ өсгөж, зээл олголтыг хумихад бүтээн байгуулалтын ажил төдий чинээ саатна хэмээн шүүмжлэлд өртөх нь бий. |
Гэхдээ өнгөрсөн оны зээлийн хэмжээ өмнөхөөс өссөн дүнтэй гарсан байна. Үүнийг оны эцсийн байдлаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлээс харж болно. Өнгөрсөн оны эцэст тус үлдэгдэл гурван их наяд 264,8 тэбум төгрөг болж өмнөх оноос 609,8 тэрбум төгрөг буюу 23 хувийн өсөлттэй байжээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 90.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оныхоос 31.2 тэрбум төгрөг буюу 25.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Тэгвэл чанаргүй зээл банкны системийн хэмжээгээр оны эцэст 374.4 тэрбум төгрөг байсан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 87.6 тэрбум төгрөг буюу 19 хувиар буурсан аж.
Төгрөг бусад валютын эсрэг чангарав
Төгрөгийн ханш сүүлийн жилүүдэд савлагаанд буйг энд тэмдэглэх нь зөв болов уу. Ам.долларын ханш 1600 төгрөгт хүрч тэнгэрт хадаж байсан нь өдгөө түүх болон үлдэж. Хоёр жилийн өмнө яг өдийгөөс ам.долларын ханшийн өсөлт хүчээ авч 1306,28 төгрөг байв.
Төгрөг сульдаж, үнэгүйдэж эхлэхэд Төв банкны зүгээс арга хэмжээ авсны дүнд 2009 оны дунд үеэс ханшийн савлагаа намжиж эхэлсэн юм. Харин өнгөрсөн онд төгрөг чангарсан жил болов. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2009 онд байнга суларч байсан төгрөгийн ам.доллар болон евротой харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2010 оны гуравдугаар сараас эхлэн чангарчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах жилийн дундаж ханш 1357.84 төгрөг болов. Ингэснээр өмнөх оныхтой харьцуулахад 5.8 хувиар, евротой харьцах дундаж ханш 1805.08 төгрөг болж 10.1 хувиар, юаньтай харьцах дундаж ханш 200.93 төг болж 4.7 хувиар, рубльтэй харьцах дундаж ханш 44.89 төгрөг болж 0.8 хувиар чангарчээ. Цаашид ч төгрөг чангарах болно гэж эдийн засагчид таамаг дэвшүүлээд байгаа. Үндэсний валютын чангаралт сайн, муу гэх хоёр талт үр нөлөөний талаар эдийн засагчид цэц булаалдаж байна. Юутай ч үнэд хүрнэ гэдэг юу нь буруу байхав.
Хамгийн энгийнээр тайлбарлахад иргэдийн гар дээрх төгрөгийн бараа худалдан авах чадвар сайжирна гэх.
Төсөв бүх талаар ашигтай гарчээ
Төгрөгийн ханш чангарахын нөгөө талд Улсын нэгдсэн төсвийн орлого багасах сөрөг тал байдаг. Өнгөрсөн жил төгрөгийн ханшийн чангаралт болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөс улбаалж Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ гурван их наяд 78.4 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ гурван их наяд 76.3 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсөв 2.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Мөн төсвийн урсгал орлого 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр гурван их наяд 35.9 тэрбум төгрөг, урсгал зардал хоёр их наяд 271.2 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 764.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Ингээд бодохоор төгрөгийн чангаралт төсөвт төдийлөн алдагдал авчирсангүй биш гэж үү.
Татварын орлого 65 хувь өсчээ
Төгрөгийн чангаралт татвараар төвлөрөх орлогод сөрөг нөлөөтэй гэдэг. Гэхдээ өнгөрсөн жил татварын нийт орлого өмнөх оныхоосоо нэг их наяд 53 тэрбум төгрөг буюу 65 хувиар нэмэгджээ. Татваын орлого ийн сайжрахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 23
6.6 тэрбум төгрөг буюу 2.3 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 185.2 тэрбум төгрөг буюу 90.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 251.3 тэрбум төгрөг буюу 77.1 хувь, онцгой албан татварын орлого 101.8 тэрбум төгрөг буюу 61 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оныхоос 10.2 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар нэмэгдэхэд хэдийгээр хувьцааны ногдол ашгийн орлого 53.4 тэрбум төгрөг буюу 49.2 хувиар буурсан ч газрын тосны орлого 29.1 тэрбум төгрөг буюу 2.1 дахин, бусад нэр заагдаагүй орлого 27.8 тэрбум төгрөг буюу 2.4 дахин, навигацийн орлого 9.4 тэрбум төгрөг буюу 42.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны алдагдал ихэсчээ
Манай улс 2010 онд дэлхийн 132 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт зургаан тэрбум 177.1 сая ам.доллар, үүнээс экспорт 2899.2 сая ам.доллар, импорт 3277.9 сая ам.долларт хүрэв. Гадаад худалдааны тэнцэл 378.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оныхоос 126.4 сая ам.доллар буюу 50.1 хувиар нэмэгдлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 2154.0 сая ам.доллар буюу 53.5 хувиар, үүний дотор экспортын хэмжээ 1013.8 сая ам.доллар буюу 53.8 хувиар, импортын хэмжээ 1140.2 сая ам.доллар буюу 53.3 хувиар тус тус өсчээ. Экспортын үнийн дүнгийн 98 хувийг зөвхөн эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл эзэлж байна.
Б.БЯМБАА