300 тэрбумын зарцуулалт тодорхойгүй байна

    Төрийн албан хаагчдад олгож буй 4000 айлын орон сууцны зээл найман хувийн хүүтэй. Харин дээрх хүүг зургаан хувь хүртэл бууруулсан нь монголд моргэйжийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх эхлэл болж байна хэмээн холбогдох мэргэжилтүүд үзэж байна. Ирэх жилүүдэд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаад 12500, Яармагт 32000, Баянголын аманд 18000, Долдугаар хороололд 10956, Телевизэд 4200, 14 дүгээр хороололд 12000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байгаа. Ирэх сараас Долдугаар хорооллыг барилгажуулахаар элс, цемент бужигнуулах нь тодорхой боллоо.

  Уг хорооллуудад барих орон сууцаас иргэдэд “хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагч” гэсэн хэлбэрээр олгох нь тодорхой болсон. Мөн Ерөнхий сайд үүнтэй холбогдуулан “Дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн гэсэн орон сууцгүй өрхөд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох ёстой.  
  
    Түүнээс бус орон сууцанд амьдардаг хэрнээ түүнийгээ шинэ болгоод авчихъя гэсэн ч, юм уу амьдралын түвшин дээгүүр хүмүүст энэхүү зээлийг ар өврийн хаалгаар өгөх асуудал байхгүй шүү” хэмээсэн. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт нийт 300 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа бөгөөд одоогоор дээрх хөрөнгөөс хэдэн хувийг нь дэд бүтэц, барилгажилтад зарцуулах нь тодорхойгүй байна. Ямар ч байсан энэ долоо хоногт Үндэсний хороо хуралдаж асуудлыг нэг тийш болгох аж.

    Үүнтэй холбогдуулан Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.
 

-Төрийн албан хаагч хувийн хэвшлийнхэн хэмээн алагчлахгүйгээр орон сууцжуулахаар болсон. Хэрэгжих шатлалыг нь танилцуулахгүй юу?
   
 -Шадар сайдаар ахлуулсан Үндэсний хороо уг асуудлыг хариуцаж байгаа. Төрийн болон хувийн хэвшлийнхэнд олгоно. Харин хувийн хэвшилд ажиллаж буй иргэдэд арилжааны банкаар дамжуулж олгох юм. Бусад зүйлс нь хараахан тодорхой болоогүй байна. Үндэсний хороо энэ долоо хоногт хуралдана. Уг хуралдаанаар хэрхэх нь тодорхой болох болов уу.

    -Гадуур зургаан хувьтай холбоотойгоор бага зэрэг асуудал гарч байх шиг. Хэдхэн сарын өмнө байрны зээлд хамрагдсан иргэд найман хувийн хүүтэй зээлээ зургаан хувиар тооцож авъя гэж байна?

    -Энэ талаар ярихад эрт байна. Найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүүг зургаан хувь ч болгож магадгүй шүү дээ. Хуралдаанаар уг асуудлыг шийдэж магадгүй.

    -Монголбанкнаас энэ тал дээр саналаа илэрхийлсэн байсан. Бүгдийг нь зургаан хувь болговол хавтгайруулсан, халамжийн шинжтэй болно гэсэн байсан?

    -Би хувьдаа айхтар их дарамт үүсэхгүй бол нэг хэсэг нь зургаа, нөгөө нь 15 хувийн хүүтэй байж болохгүй байх гэж бодож байна. Эдийн засагт үзүүлэх дарамтаасаа л шалтгаална. Хэчнээн хүн зээл авсан юм. Түүнээсээ хамаарна. Хэрвээ нийтэд нь зургаан хувь болгоно гэдгийг хавтгайруулсан, халамжийн шинжтэй гэж ойлгож байгаа бол дэлхийн бусад орнуудад олгож байгаа орон сууцны бүх зээлүүд халамжийн шинжтэй болж таарах нь ээ. Энэ чинь үнэгүй юм өгч байгаа хэрэг биш шүү дээ.

    -Ер нь зургаан хувь найман хувийн бодит зөрүү ямар байгаа юм бэ?

    -Зээлийн хүүгийн хувьд сүртэй зөрүү биш. Харин хугацаа яривал өөр хэрэг болно. Хугацаа урт байх тусмаа сайн. Ер нь жинхэнэ орон сууцны урт хугацааны зээлийг хэрэгжүүлье, ард түмэндээ олгоё гэж байгаа бол хүүг багасгах ёстой. Энэ хүүг бууруулах боломжтой бол зургаан хувиас ч дотогш оруулах шаардлага бий

Leave a Reply