Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах орон сууц, дэд бүтэц, зураг төслийн ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Орон сууцны барилга, дэд бүтцийг барьж байгуулах зураг, төсөл хийхэд шаардлагатай нийт 437.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс зарцуулахаар төлөвлөсөн байгаа.
Үүнээс орон сууцны барилгын санхүүжилтэд 216.6 тэрбум төгрөгийг урт хугацаатай зээлээр олгож, Орон сууц санхүүжилтийн корпорацид хариуцуулан, эргэн төлөхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт, дэд бүтэц болон нийгмийн барилга, байгууламжийг барьж байгуулахад зарцуулах 221.2 тэрбум төгрөгийг жил бүрийн улсын төсөвт тусган, эргэн төлөхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгалаа. Орон сууц, инженерийн дэд бүтцийн санхүүжилтэд зориулж гаргах бондыг хөтөлбөрийн ажлын үе шаттай зохицуулан шийдвэрлэж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, мөн Хөгжлийн банкинд даалгав.