Нийслэлийн хүн амын 41.5 хувь нь орон сууцанд, 58.5 хувь нь гэр хороололд оршин сууж байна. Иймд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж барилгажуулах, иргэдийн өмчлөгдсөн газрыг орон сууцаар сольж амьдрах орчныг сайжруулах, суурьшил байршлыг зохицуулах зорилгоор эдийн засгийн болон иргэдийн оролцоо идэвх чармайлт дээр тулгуурласан хот байгуулалтын ойрын болон дунд урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Энэ хүрээнд 2010-2020 онд 83300 айлын орон сууц барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байгаа талаар Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газраас мэдээлж байна.
Одоо гэр хороолол байгаа газрыг чөлөөлж орон сууцжуулах ажлын хүрээнд XIV, Зүүн сэлбэ, VII, Гандантэгчинлэн хүрээ хийд, МҮОНРТ, Дэнжийн 1000 орчмын хорооллыг барихаар төлөвлөжээ. Цаашид Буянт-Ухаа, Баянголын ам, Ирээдүй хороолол, хотхоныг барихаар төлөвлөсөн байна. Эдгээрээс 2010-2012 онд 8650, 2013-2015 онд 19840, 2016-2020 онд 54810 айлын орон сууц тус тус баригдах юм байна.
ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ТҮР ХУГАЦААГААР СУУРЬШУУЛНА
Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Монгол улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс 60 сая ам.долларыг орон сууцны XIV, VII хороололд 2248 айлын орон сууц, нийгмийн халамжийн барилга, 40 сая ам долларыг VII хороолол болон МҮОНРТ-ийн орчмын хорооллын инженерийн шугам сүлжээг барих ажилд зарцуулахаар шийдвэрлэж, 2010 оноос барилга, байгууламж барих ажил эхлээд байна. Энэ нь тус бүс нутагт амьдарч байгаа иргэд орон сууцанд орох хүртлээ түр амьдран суух байр юм.
Хотын агаарыг цэвэршүүлэх ажлын хүрээнд эрсдэлтэй бүсэд амьдарч буй гэр хорооллын 8393, нягтаршиж суурьшсан гэр хорооллын 28,434 өрхийг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх, орон сууцжуулах шаардлагатай байгаа юм. Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд эхний ээлжинд газраа чөлөөлж өгсөн айл өрхийг түр суурьшуулах 300 айлын орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн ll-р хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн гудамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын аж ахуйн хашаанд барина.
Захирамжийн дагуу барилга угсралтын ажлыг тендерт шалгарсан "Бэрэн констракшн" ХХК гүйцэтгэж байгаа юм байна. Энэ байр нь гэрээний дагуу 2011 онд ашиглалтад орох ёстой аж. 300 айлын орон сууцны барилга нь нийт 14.2 мянган м2 талбай бүхий зоорьтой 15 давхар хос барилга бөгөөд 27 м2-35.5 м2 талбай бүхий нэг өрөө сууцнууд байх талаар бид өмнө мэдээлж байсан. Цаашид дүүрэг бүрт түр суурьшуулах түрээсийн орон сууц баригдана. Тухайлбал Чингэлтэй дүүрэгт 300, Баянгол дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 150 айлын түрээсийн орон сууцны барилга тус тус баригдах юм байна. Дээрхээс өнөөдрийн байдлаар хамгийн эрчимтэй ажлаа эхлээд буй VII хорооллын танилцуулгыг өнөөдөр та бүхэндээ хүргэж байна.
VII ХОРООЛОЛ БУЮУ НОГООН НУУР, 100 АЙЛЫН ОРЧИМД ХИЙГДЭХ АЖИЛ:
Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь СБД-ийн 9, 10, 11,12-р хороог хамарсан 210 га талбайтай.
Төлөвлөлтийн хэсгийг 5 хувааж хэрэгжилтийн үе шатыг төлөвлөжээ.
Үүнд:
-1-р үе шат 50 га. 471 аж ахуйн нэгж талбар чөлөөлөх. Орон сууцны хороолол дийлэнхэд нь барина.
-2-р үе шат 64 га. 503 нэгж талбар чөлөөлөх. Нам давхрын орон сууц барина.
-3-р үе шат 20 га. 274 нэгж талбар чөлөөлөх. Олон нийтийн өндөр барилга байгууламж барина.
-4-р үе шат 20 га. 406 нэгж талбар чөлөөлөх. Ногоон нуур орчмын ногоон байгууламж хийнэ.
-5-р үе шат 46 га. 372 нэгж талбар чөлөөлнө. Дээрх дөрвөн ажил хэрэгжсэний дараа одоо байгаа хуучин барилгуудыг шинэчлэх ажил хийгдэх юм байна.
Тус хороололд 10956 айлын орон сууц баригдахаас эхний ээлжийн барилгажих 50 га талбайд 7000 гаруй орон сууцны барилга баригдах аж.
Энэ онд инженерийн шугам сүлжээ болон 1050 айлын орон сууцны барилга баригдаж эхэлнэ. Одоогоор тус хороололд 280 гаруй айлын орон сууцны барилга баригдаж ашиглалтад орсон бол 300 шахам айлын орон сууцны барилгын угсралтын ажил хийгдэж байгаа юм байна.
Нийгмийн дэд бүтцийн дараах барилга байгууламжууд VII хороололд баригдана.
Үүнд:
• 8060 хүүхдийн сургууль,
• 2020 хүүхдийн цэцэрлэг,
• 605 суралцагчидтай МСҮТ,
• өдөрт 1175 үзлэг хийх хүчин чадалтай өрхийн эмнэлэг,
• 7730 м2 үйлчилгээний талбай бүхий, 520 ажлын байртай худалдаа, үйлчилгээний
төв,
• 1110 суудалтай соёлын төв,
• 1680 м2 талбай бүхий спорт цогцолборыг тус тус барихаар төлөвлөж байна.
Инженерийн дэд бүтцийн дараах барилга байгууламж, шугам сүлжээнүүд баригдана.
Үүнд:
-Дулаан хангамж: Эдгээр барилга байгууламжуудын дулааны нийт ачаалал 59.9 Гкал/цаг байх бөгөөд ф150-500 голч бүхий 2.5 км урт дулааны гол шугам, дулаан дамжуулах 11 төвийг барьж дулаанаар хангана.
-Ус хангамж, ариутгах татуурга: Нийт 11640.0 м3/хоног цэвэр ус шаардагдах бөгөөд ф300 мм-ийн голч бүхий 2.3 км урт цэвэр усны шугам, ф300-500 мм-ийн голч бүхий 1.8 км урт ариутгах татуургын шугам барьж 21-р коллекторт холбоно.
-Цахилгаан хангамж: Нийт цахилгааны ачаалал 22.7 мВт байна. “Од” дэд станцаас тус хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангаж хорооллын дэргэд 35 кВ дэд өртөө барин дамжуулах сүлжээгээр хангана.
-Авто зам: 4.5 км урт хорооллын төв замыг барина. Та манай холбоотой мэдээнээс VII хороололтой холбоотой иргэдийн сонирхдог бусад асуултуудын хариултыг уншаарай.