Төрийн 4000 албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд дуусах дөхөж байна. Харин дараачийн 100 мянган айлын орон сууц хөтөлбөр эхлэх тухай яригдаж эхэллээ. Энэ үед УИХ-ын төвшинд орон сууцны санхүүжилтийн корпорацийг татан буулгах тухай хүчтэй хөндөгдөх болов. Уг нь нийгмийн халамж болон иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний байгууллагын тогтолцоонд өөрчлөлт оруулахад хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллагатай хэлэлцээ хийх учиртай. Тиймээс энэ асуудалд хөдөлмөрчдийн төлөөлөл буюу Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартай уулзаж, түүний байр суурийг сонирхлоо.
-Орон сууцны санхүүжилтийн корпорацийг татан буулгах тухай ярьж эхэллээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Орон сууц санхүүжилтийн корпорацийг татан буулгах тухай яриа энэ байгууллагыг бий болсон цагаас гарч эхэлсэн. Тухай бүрт нь МҮЭХ өөрийн байр сууриа илэрхийлж ирсэн. Учир нь орон сууцны хөтөлбөрийн хүрээнд үр ашгийг нь хүртэх хүмүүс бол манай хөдөлмөрчид, багш, эмч ажилчид юм. Бизнесмэн хүнийг, баян хүнийг байртай болгох гэж хэрэгжээгүй төсөл шүү дээ. Жирийн иргэд, хөдөлмөрчдийг байртай болгохоор энэ байгууллага ажилладаг.
Хамгийн анх Банкуудын холбоо, орон сууцны санхүүжилтийн корпорацийг алгасч, арилжааны банкуудаар дамжуулж зээлийг өгөөч гэдэг асуудлыг их хүчтэй тавьж байсан. Яг үнэн хэрэгтээ арилжааны банкууд иргэдийг орон сууцжуулахад юу хийсэн юм бэ. Тэд ломбард сэтгэлгээгээрээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2000 өрхөд л орон сууцны зээл олгосон байна. Тэгвэл одоо татан буулгая гээд байгаа Орон сууцны санхүүжилтийн корпораци чинь нэг жилийн дотор бага дунд орлоготой, төсвийн ядруухан орлоготой 3000 гаруй ажилчдыгорон байртай болгож чадсан байна шүү дээ.
-Арилжааны банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгө өндөр зардлаар орж ирж байна. Харин ОССК маш бага зардлаар хөрөнгө босгосон болохоор бага хүүтэй зээл олгож чадаж байна л даа?
-Арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү жилийн 15 хувь байна. Харин ОССК-ынх наймхан хувь буюу банкуудынхаас харьцангуй бага байгаа биз. Тэд 7,8 хувийн хүүтэй бонд гаргаж, түүгээрээ найман хувийн хүүтэй зээл гаргаж байна. Тэд ердөө 0,2 хувиар өөрсдийгөө санхүүжүүлж, иргэдийг байртай болгох ажлыг гүйцэтгэж байгаа. Нөгөө талаас арилжааны банкууд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг маш өндөрт тавьж байна. 30 хувь гэдэг бол хоёр өрөө байрны жишээн дээр ярихад дор хаяж 15 сая төгрөг. Өнөөдөр хэн халаасандаа ийм их мөнгөтэй юм бэ. Өнөөдөр Монголд бүх насаараа ажил хийгээд 15 сая төгрөг хуримтлуулах боломж байна уу, байхгүй шүү дээ. Харин ОССК ашиг хараагүй, ердөө өөрсдийнхөө зардлыг нөхөх хэмжээнд л ажиллаж байгаа байгууллага. Арилжааны банк болон өндөр зардлаар хөрөнгө хуримтлуулахаас гадна ашиг хардаг бизнесийн байгууллага шүү дээ. Зардлаасаа гадна ашгаа шингээхээр тухайн зээлийн өртөг улам өсч таарнаа даа.
-Орон сууцны санхүүжилтийн корпорацийг татан буулгах тухай нэлээд өндөр төвшинд яригдаж байгаа. Үүний ард хэн нэгний ашиг сонирхлын зөрчил байна уу. Та үүнийг юу гэж харж байна вэ ?
-Удахгүй 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр эхлэх гэж байна. Үүнд Засгийн газар 300 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр ид яригдаж байна. Үүнд мөнгөний үнэр авсан, улс төр, бизнесийн ашиг сонирхол хүчтэй байгаа нь үүгээр илэрч байгаа юм биш үү. Манайд зах зээлд шилжээд арилжааны банкууд хүчтэй л бол ок гэсэн ойлголтоор 20 жил явахад өнөөдөр тэд л хожиж байна. Олон жил арилжааны банкыг дэмжээд мөнгө өгсөн тэгээд банк том байшинд ард иргэд байргүй л байна. Банк сайн байлаа гээд иргэдэд ач тус нь хүрсэнгүй. Өнөөдөр хэн том байртай, хэн баян байна, банкныхан. Арилжааны банкууд ОССК-ийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн нь тэд хүүгээ өсгөх гээд байгаа юм биш үү гэсэн хардлагыг төрүүлж байна. Тэд Монголын зах дээр монополчлох гэж байна. ОССК гэдэг бол угаасаа олон улсын жишигт байдаг байгууллага. Монголын энэ байгууллага харин ч сууриа зөв тавьсан. Богинохон хугацаанд 16 банкны 10 жилийн үзүүлэлтийг эвдлээ шүү дээ. Тэгэхээр цаашид харин ч сууриа тавьсан, үйл ажиллагаа явуулаад туршлагажсан, үр дүнтэй байгаа энэ байгууллагыг үргэлжлүүлээд явахад юу нь болохгүй байгаа юм бэ.
-Ипотекийн корпораци орон сууцны зах зээлд орж ирэхээр яригдаж байна. Мөн л олон улсын жишгийн дагуу гэх?
-Ипотекийн корпораци болон арилжааны банк бизн
есийн л байгууллага ш дээ. Тэдний ОССК-иас давуу тал юу байгаа юм. Түүнийгээ тэгвэл нээлттэй хэлэлцүүл л дээ. Тэднийх ердөө улс төрчдөөр лоббигоор асуудлыг шийдүүлэх гэж байгаа бол бүтэхгүй гэдгийг хэлмээр байна. Орон сууцны санхүүжилтийн корпораци бол жирийн иргэдэд чиглэсэн тэдэнд тохирсон нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч. Энэ зах зээлд Монголд хувьсгал хийсэн байгууллага. Зах зээлийн хуулиар өрсөлдөөнийг үүсгэснээр арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүүг бууруулсан шүү дээ.