Нарны гүүрийн сүүлийн дам нурууг хадлаа

  

   Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулж байгаа Нарны гүүрийн ган дам нурууны сүүлийн эрэг чангалах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү гүүрийн угсралтын ажил нийт гурван сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнөөдөр ийнхүү сүүлчийн эргээ чангалсан юм. Энэхүү ёслолын ажиллагаанд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүо болон барилгын гүйцэтгэгч компани болох “JFE”, барилгын зөвлөх компани “CTI” компанийн төлөөлөгчид оролцлоо.

    “Өнөөдөр болж байгаа энэхүү ёслол нь Улаанбаатар хотын иргэдэд томоохон бэлэг болж байгаа болов уу гэж бодож байна. Үнэхээр манай нийслэл хотын иргэд энэ гүүрийг их хүлээж байгаа. Хүлээлтийг нимгэлж гүүрийг босгоход сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Япон, Монголын нийт ажилчдад баярлалаа” хэмээн Улаанбаатар хотын Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ёслолын ажиллагааны үеэр хэлж байсан юм. Нийт урт нь 262 метр, 12 метр өндөртэй уг гүүрийн барилгын ажлыг өнгөрсөн жил эхэлсэн. Японы Засгийн газраас энэхүү гүүрийг барихад нийт 3,7 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

Эх сурвалж vip76.mn

Leave a Reply