Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимариданов, Ногоон барилгын хөтөлбөрийн удирдагч До Нгок Диеп, Ногоон барилгын зүүн Ази хариуцсан зохицуулагч Аутиф Саийд, Монгол дахь Ногоон барилгын төслийн зөвлөх Ц.Оюунцацрал нарыг 2022.05.27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад Ногоон барилгыг гэрчилгээжүүлэх, сурталчлах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон тус яам нь 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн.
Хамтын ажиллагааны нэг хэсэг болгон ОУСК нь өөрийн EDGE буюу Ногоон барилгын үнэлгээний системийн суурь үзүүлэлтийг манай орны норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж, боловсон хүчнийг сургах, чадавхижуулахад дэмжлэг үзүүлж, 2022 онд тус сургалтад хамрагдсан салбарын мэргэжилтнүүдээс 2 эксперт шинээр эрхээ авсанд баярлаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсад барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох тогтолцоог хөгжүүлэх, ногоон барилгын үнэлгээ хийх үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхээр болж талууд санал нэгдлээ.
Талууд уулзалтынхаа үеэр харилцан ойлголцлын санамж бичгийг дахин байгуулахаар шийдвэрлэлээ.
Үүнд:
- -“Залуус-1” орон сууцны хорооллыг ногоон барилгын стандартад нийцүүлэх,
- -Эхний ээлжинд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг нийцүүлэхэд анхаарах,
- –Ногоон барилгын зөвлөлийг чадавхижуулах,
- –Норм, дүрмийг шинэчлэх,
- –Ногоон барилгын төсөлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.