Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.06.06-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд газар, хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан танилцууллаа.
Мэдээллийн дараа яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт газар хэлтсүүдийн ажлын гүйцэтгэл, үнэлгээг танилцуулж, хагас жилийн тайланд тусгаж, анхаарах шаардлагатай ажлуудын талаар нэмэлт мэдээлэл өглөө. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай Говь-Алтай аймагт болсон салбарын зөвлөгөөнөөс гарсан асуудлууд, газрын багц хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон талаарх мэдээллийг танилцуулав.
Сайд Б.Мөнхбаатар “1008” орон сууцны хорооллын барилгын ажил, цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, норм, нормативын бичиг баримтын боловсруулалт, барилгын материалын үнийн индекс болон магадлалын ажлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо.
Шуурхай хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.
Үүнд:
- Газрын багц хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барих,
- Ногоон нуур орчмын “1008” орон сууцны хорооллын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх,
- Геодезийн хуулийн төслийг нарийвчлан танилцуулах
- Гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хэрэгжих төслүүд дээр ажлын хэсэг байгуулж, ажлын явцыг түргэтгэх
- Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадалал хийх 1142 ажлын магадлалыг яаравчилж дуусгах.