“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

   Засгийн газрын хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв.
Энэ дагуу хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталлаа.

    Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянга, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд 25 мянга хүртэл барилга барих юм. Хавсралтад заасан барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

     Хөтөлбөрт хамрагдсан барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилт олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судлан, санал боловсруулж ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэх юм байна.

    Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр боллоо.

    Газар чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг тухай бүр нь шуурхай гаргаж байхыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply