You are currently viewing САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.10.10/-ны өдөр боллоо. Барилга, хот байгуулалтын яамны газар хэлтсүүд, харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат шуурхай хуралдаанд танилцууллаа.
Танилцуулагдсан ажлуудын хүрээнд мөн цаг үеийн асуудлуудаар холбогдох газар нэгжийн удирдлагууд нэмэлт мэдээлэл тавьж, сайдаас холбогдох үүрэг даалгаваруудыг авлаа. Тодруулбал, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа аравдугаар сардаа багтаан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүх обьект дээр захиалагчийн хяналтыг тавьж дуусгах, төслийн явцууд ямар байгаа талаар мөн барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор хийсэн магадлалын ажилд сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу аудит оруулан ажиллуулж байгаа тухай мэдээллүүдийг өглөө.
Мөн БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн үнэ болон ханган нийлүүлэлт, “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллийг тавив.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай Хөшигийн хөндийн газар чөлөөлөлтийн явцын мэдээллийг өглөө. Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртсөн 2533 нэгж талбараас 507 нэгж талбарыг байршил шилжүүлж, 359 нэгж талбарыг хүчингүй болгосноор нийт 866 нэгж талбарыг шийдвэрлэсэн байна. Богдхан төмөр замын трассын дагуу төв аймагт 103, нийслэлд 1298 нэгж талбар буюу нийт 1401 нэгж талбар давхцалтай байгаа бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 75 нэгж талбар газрыг трассаас чөлөөлж, Төв аймагт 44, нийслэлд 280 нэгж талбар нийт 324 нэгж талбарын байршил шилжүүлжээ. Энэхүү мэдээллээс гадна Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журмын төслийг яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж баталгаажуулах шаардлагатай байгаа, тус журмын хүрээнд системийн хөгжүүлэлт бүрэн хийгдэж дууссан тухай мэдээллийг танилцуулсан юм.
Харин БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү зургийн ажлуудыг дуусгах явцад газрын трасс өөрчлөгдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэх шаардлага үүсч байгааг сануулж, холбогдох саналуудыг хэллээ.
Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд сайд Б.Мөнхбаатар газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
  1. Цементийн хомсдол болон үнийн хөөрөгдэлтэй холбоотойгоор зах болон зарим үйлдвэрүүдийн байдалтай газар дээр нь танилцан ажиллаж, шаардлагатай арга хэмжээний зохицуулалтыг авч хэрэгжүүлэх,
  2. Дарханы цэвэрлэх байгууламж, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Ногоон нуур-“1008 айлын орон сууц” төслүүдийн ажилтай газар дээр нь танилцан ажиллах,
  3. Хөшигийн хөндийн шинэ хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг дахин танилцуулах,
  4. Нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээ, тусгай зөвшөөрлийн цахимжуулалтын мэдээллийг дараагийн шуурхай хуралдаанд бэлтгэж танилцуулах,
  5. Улсын хэмжээнд хийж хэрэгжүүлэх зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийн гүйцэтгэлийг шалгах ажлын хэсэг байгуулж, явц үр дүнг эргэн мэдээлэх,
  6. Барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд болох цемент, арматурын ирэх оны эрэлт нийлүүлэлтийн судалгааг урьдчилсан байдлаар тооцож бэлтгэх зэрэг болно.