Зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл авах боломжтой болж байна

    

       Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдэд 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар боллоо.

       Дээрх үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав.

      Хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасан байна. Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилт, орон сууцны зээл олгох хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболдод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөв.

      Сангийн болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулалт сайтай, идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үнэллээ. Мөн иргэдийн хүсэн хүлээж байсан 6 хувийн хүүтэй зээл шийдэгдэж, иргэдээ санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох зорилт хөдөлгөөнд орж, бодит ажил хэрэг болж эхэллээ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэв. Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна.
  
       Эдгээрээс 8 мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply