Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” хөтөлбөрийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилготой Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 13 цагт Монголын хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжааллаа. Дээрхи арилжааг нэрлэсэн үнэ өөрчлөгдөхгүйгээр, зарласан хүүгийн түвшинг бууруулах аргачлалаар явуулсан бөгөөд энэ нь дараах байдлаар арилжаалагдсан болно.
Арилжаанд хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон бөгөөд анх удаа 3, 5, 7 жилийн хугацаатай үнэт цаас арилжаалагдаж Засгийн газрын үнэт цаасны жишиг хүү шинээр тогтоогдсон нь онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Арилжааны жигнэсэн дундаж хүү нь 7.90 хувь байлаа. Тухайн улсын Засгийн газрын үнэт цаасны жишиг хүү нь хөрөнгийн зах, банк хоорондын зах болон дериватив хэлцлүүдийг хийх суурь хүү юм. Жишиг хүүгийн хэмжээ буурах, хугацаа уртсах нь төдий хэмжээгээр зах зээлд эерэгээр нөлөөлж, хөрөнгө оруулалтын хугацаа уртсах, эх үүсвэрийн зардал буурах давуу талтай.