НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэхээр тогтжээ. Монгол Улс Авлигын эсрэг олон улсын өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орнуудын удирдагчид 2003 онд Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын Конвенцод нэгдэн, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулжээ. Өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн Нэгдсэн Үндэсний байгууллагаас албан ёсоор тунхаглажээ.
Монгол Улс тус Конвенцод 2005 онд нэгдэн орсон. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хүүхэд багачууд, оюутан залууст шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг ухуулан, таниулах, уриалах контент бэлтгэн түгээх, авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж, өргөн хүрээнд тэмдэглэж иржээ.
АТГ-ын дарга З.Дашдаваа
Авлигатай тэмцэх газар 2021 онд нийт 1596 гомдол, мэдээлэл хүлээн авч, мөрдөн байцаалтын явцад 96.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, эд хөрөнгийг битүүмжлэн хадгалсан бол 2022 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 1304 гомдол, мэдээлэл хүлээн авч, 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 406.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт гарган ажилттай ажиллаж байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн тулд хөрөнгө буцаах чиглэлд онцгой анхааран ажиллалаа. Тодруулбал, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан нийтийн албан тушаал хашиж байхдаа бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, улмаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын төвд байршилтай 1,172,372 фунт стерлинг буюу 4,374,312,050 төгрөгөөр үнэлэгдэх 4 өрөө, 110 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Бүгд Найрамдах Латви Улс дахь банкны дансаар дамжуулан авсан байсныг “Mutual legal assistance” буюу эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг илгээж, хэрэгт ач холбогдолтой мэдээллийг гаргуулан авч, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулан нийт 12.2 сая ам. долларын хөрөнгийг амжилттай буцаан авчирлаа.
Монгол Улс гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын 8 мэргэжлийн байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд 2022 онд Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газар болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай тус санамж бичгийг байгуулсан байна.
Авлигын эсрэг Конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх үйлсэд Монгол Улсын төрөөс онцгой анхаарч байгаа бөгөөд авлигатай тэмцэх энэхүү үйл хэрэгт олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа чухлыг тэмдэглэх ялдамд дэлхийн улс орнууд өөр хоорондоо нягт хамтран ажиллахыг уриалж байна.
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чин шударгаар хэрэгжүүлж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, албан хаагчдыг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах ажлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна.
Авлигыг үл тэвчих үзлийг түгээн дэлгэрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, иргэдийн зүй бус хэвшмэл ойлголт, зохисгүй хандлагыг өөрчлөх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийг ухуулан таниулах, хувь хүний үнэт зүйл, шударга ёсны боловсрол олгох, “Шударга ёсны клуб” байгуулан ажиллуулах зэрэг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна.
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хүнд суртал шат дамжлагыг бууруулах, гүйцэтгэлийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хүнс хөдөө аж ахуй, боловсрол, барилга, зам тээвэр, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, байгаль орчин, уул уурхайн салбарт цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг талууд нээлттэй ярилцан, шийдвэрлэх арга зам, гарц шийдлийг тодорхойллоо.
Монгол төрөөс авлигатай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байгаа нь авлигын эсрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчийн ёс зүйг сайжруулах, хариуцлагыг чангатгах, олон нийтийн хяналт-оролцоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг энд тэмдэглэн хэлье.
Хүн төрөлхтөний хамгийн ихээр эрхэмлэдэг үнэт зүйлсийн нэг нь шударга ёс, түүний төлөөх тэмцэл, хүсэл эрмэлзэл байдаг. Шударга ёс алдагдсан газарт авлига хамгийн ихээр тархдаг нь жам ёс. Энэ нь шударга ёс өөрийн орон зайгаа авлигад эзлүүлж, олон нийт сайн сайхан амьдрах итгэл найдвараа алдана гэсэн үг.
Авлигатай хийх тэмцэл нь асар их хөрөнгө мөнгө, эрх мэдэл, улс төр-бизнесийн хүчирхэг бүлэглэлтэй тулах хүнд хэцүү, адармаатай ажил гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Гэвч хүнд хэцүү хэмээн халшран хойш суух эрх бидэнд үгүй. Авлигыг дийлдэшгүй хүчин зүйл гэж бас бүү бод. Иргэний нийгмийн хяналт, ёс зүйтэй сэтгүүл зүй, иргэд олон нийтийн оролцоо бүхий та бидний нягт хамтын ажиллагаа түүнийг ялан дийлнэ. Авлигатай тэмцэх ажлын ололт, амжилт бүр иргэд олон нийтийн үзүүлсэн дэмжлэг, туслалцааны бодит илэрхийлэл байдаг.
Ард иргэдийн алдагдсан боломжийг сэргээн эдлүүлэхийн төлөө бид улам бүр хичээн ажиллах болно.
Авлигын эсрэг нийтээрээ, хамтдаа сөрөн зогссоноор нийгмийн сайн сайхан бүхнийг цогцлоон бүтээж чадна. Авлигын эсрэг конвенциэр хүлээсэн үүргээ бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн бүр нэр төртэй биелүүлж, үндэсний шударга ёсыг бэхжүүлэн хөгжил дэвшилд хүргэх үйл хэрэгт хамтдаа хүчин зүтгэхийг уриалав.