Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр хот байгуулалт, хөрөнгө оруулалтын дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 149 тэрбум 501.7 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 38 тэрбум 604.5 сая төгрөгийн, нийт 219 тэрбум 50.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Нийслэлийн 2015 оны хөрөнгө оруулалтын ажил нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн Нийслэлийн төсвийн хөрөгөөр хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно. Улсын төсвөөс 164 тэрбум төгрөгийн ажил хэрэгжүүлэхээр батлагдсан.
Түүнчлэн 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд урьд оноос шилжин хэрэгжиж байгаа төслүүдийг дуусгаж ашиглалтанд оруулах, орон нутгийн концессоор хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн эргэн төлөлтийг санхүүжүүлэх, шинээр эхлэх барилга, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бусад бэлтгэл арга хэмжээ хангагдсан байх шаардлагыг гол шалгуур болгон төлөвлөсөн болно.
- ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР:
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад- 3,5 тэрбум төгрөг,
Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний
зураг төсөв боловсруулахад- 2,0 тэрбум төгрөг ,
Газар чөлөөлөх, нөхөх олговорт- 7,0 тэрбум төгрөг,
Нийслэлд шинээр орон сууцны хорооллуудыг барьж байгуулах, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад 17 тэрбум 642,7 сая төгрөгийг зарцуулж дараахь инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
- ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:
НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд нийслэлийн 8 дүүрэг, 37 хорооны 1506,1 га талбайн 16109 нэгж талбар буюу Нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад энэ онд 28,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118, 263 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 10-н байршилд баригдах орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 38-н төсөл арга хэмжээний 106,932 тэрбум төгрөгний төсөвт өртөг бүхий ажлуудыг гүйцэтгэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангана.
- НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төсвийн санхүүжилтээр орон сууцны барилгыг өөрийн үндсэн өртгөөр нь бариулан, нийслэл өмчлөлд авч орон сууцны фонд бүрдүүлэх, тус орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр амьдран суух боломжоор хангах юм. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай байгууллагыг байгуулж ажиллана. Нийслэлийн Орон сууцны хөтөлбөр нь дараахь 5 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах;
- Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах;
- Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах;
- Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах;
- Хуучин баригдсан орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэх, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх
- “ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
Энэхүү хөтөлбөр нь 9 жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана.
Өнгөрсөн онд Нийслэлийн ЗДТГ, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд төслийн эхний үе шатны 104.52 сая ам долларын санхүүжилттэй Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил энэ онд эхэлнэ.
- ОРОН СУУЦНЫ САНГИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:
Улаанбаатар хот дахь амины орон сууцыг Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоонд хамруулахад тавигдах үндсэн шаардлагуудыг тодорхойлох, эдгээр шаардлагыг хангуулах санхүүгийн оновчтой схемийг судалж, холбогдох арга хэмжээ авч эхлүүлэхээр төлөвлөж байна. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгааг авах зорилтот бүлгийг тодорхойлох, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- АМИНЫ ТОХИЛОГ ОРОН СУУЦААР ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Газрын шинэчлэн зохион байгуулах замаар 6 төсөл хэрэгжүүлж 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож, тохилог амины орон сууцтай болгох ажлыг хийнэ.
- ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Өнгөрсөн онд НИТХ-аар баталсан 5 байршилд иргэдэд газар өмчлүүлсэн бол энэ онд 44 байршилд гэр бүлийн хэрэгцээнд зориулан цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж дуусна.
- ЗУСЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 26 аманд зуслангийн зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
- Орон сууцны 150 барилгыг газар хөдлөлтөөс тэсвэрлэх чадвараар нь үнэлгээ хийж, паспортжуулна.
- Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна
- Иргэдийг оронсууцжуулах ажлын хүрээнд Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу нийслэлийн иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг хот шийдвэрлэх томоохон ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
Эх сурвалж: news.mn