Нийслэлийн иргэдийн 50 хувь нь бага болон дундаас доош орлоготой. Тэд сард 870.644 төгрөгөөс бага мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг учир төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр орон сууц авах боломжгүй. Иймээс нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Дээрх байгууллагууд энэ стратегийг боловсруулахад жил хагас зарцуулсан байна. Бага болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцтай болгосноор амьдрах орчин нь сайжрахаас гадна нийслэлийн “толгойны өвчин” болсон агаар, хөрсний бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Иймээс стратеги боловсруулсан багийнхан барилгын болон банк санхүүгийн байгууллагынханд хийх гэж байгаа ажлаа танилцуулж, санал хүсэлтийг нь сонсохоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэ стратегийг дэмжиж байв. Үүнийг богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлнэ. Ингэхдээ зуучлах үүрэг бүхий нийслэлийн орон сууцны байгууллага байгуулж, хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Уг байгууллага нь иргэдийн урьдчилгаа төлбөрт нь баталгаа гаргах, зээлийн батлан даалтын сан бий болгох зэргээр бага болон дундаас доош орлоготой иргэдэд орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, барилга барих бус зуучлах, зохицуулах үүрэг хүлээх гэнэ. Түүнчлэн бага болон дундаас доош орлоготой иргэдийг нийслэлд хэдэн жил амьдарсан, өрхийн гишүүдийн тоо, орлого зэргээр нь ангилан тодорхой үе шаттайгаар орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Э.ЭРДЭНЭ
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/