“МОНГОЛ УЛСЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН (НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ) ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА

Сингапур улсын Темасек сан, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага болон Барилга, хот байгуулалтын яам хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хот төлөвлөлтийн (Нийтийн орон сууцны) хөтөлбөр” сэдэвт нийт дөрвөн удаагийн сургалтын хоёр дахь цахим сургалт 2022 оны 12 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд болж, өндөрлөлөө.

Цахим сургалтад төрийн болон төрийн өмчит байгууллагуудын нийт 60 ажилтан хамрагдав. Энэ удаагийн сургалтыг ноён Yap Chin Beng удирдсан бөгөөд Сингапур улсын Нийтийн орон сууцны загвар ба барилга, Орон сууцны бодлогын хөгжил, Орон сууцны хөгжлийн зөвлөлийн хэрэгжүүлж буй бодлого, Ипотекийн зээлийн эрх зүйн цар хүрээ, санхүүжүүлэлтийн бодлого, Орон сууц хуваарилах бодлого, тогтолцоо, Орон сууцны хүртээмжтэй байдал, Орон сууцны зах зээлийн менежмент, Орон сууцны засварлах хөтөлбөр, Дахин төлөвлөлтийн схем, Өндөр настнуудад зориулсан орон сууц зэрэг сэдвүүдийг хамруулан, лекц, практик ажил хослуулан явууллаа.

Сургалтын дарга ба ахлах зөвлөх Yap Chin Beng нь 2019 онд тэтгэвэрт гарах хүртлээ Орон сууц, хөгжлийн зөвлөлд (HDB) 40 жил ажилласан, Үл хөдлөх хөрөнгө ба Байгууллага хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаал хашиж байжээ. Мөн Нийтийн орон сууцны бодлого, орон сууцны хөтөлбөр, орон сууцны менежмент, байгууллагын засаглал, санхүү, дотоод аудит, байгууллагын үйлчилгээ зэрэг өргөн хүрээний чиг үүргийн албан тушаалтай 4,000 гаруй ажилтныг хариуцаж байсан аж. Одоогоор, Амьдрахад таатай хотуудын шинжээчдийн зөвлөлийн төвийн гишүүн, HDB-ийн туслах зөвлөх, БНХАУ-ын Хайнань мужийн Янпү эдийн засгийн хөгжлийн бүсийн Төлөвлөлтийн хорооны Олон улсын шинжээчдийн багийн гишүүн, Nuri Properties Private Limited болон Nuri Holdings компанийн зөвлөх, их сургуулиуд, Амьдрахад таатай хотуудын төв, Сингапурын Төрийн албаны коллеж болон хувийн хэвшлийн байгууллагуудаас зохион байгуулагддаг ахисан түвшний сургалтуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон лекц уншдаг хүн юм.