You are currently viewing Орон сууцны үнэ цаашид ч буух магадлалтай

Орон сууцны үнэ цаашид ч буух магадлалтай

Орон сууцны ипотекийн найман хувийн зээлийг таван хувь руу буулгах боломжтой гэж Монгол банкнаас мэдэгдсэн. Гэхдээ энэ санал яг хэзээнээс ажил хэрэг болох вэ гэдэг тодорхойгүй байна. Орон сууцны зээлийн хүүг бууруулснаар орон сууцын үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол зарим иргэний дунд байгаа. Орон сууцын нийлүүлэлт эрэлтээсээ найман мянгаар давсан учир цаашид үнэ өсөх хандлага үл хөдлөх хөрөнгийн судалгааны компаниудад ажиглагдаагүй байна. Үл хөдлөх хөрөнгийн судалгааны байгууллагуудын мэдээлснээр орон сууцны дундаж үнэ бага зэрэг буурч, одоогоор нэг метр квадрат нь нэг сая 280 мянган төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хуучин орон сууцны дундаж үнэ 10 орчим хувиар, шинэ орон сууцны дундаж үнэ 5-6 хувиар буурсныг судлаач Б.Цэдэндамба онцлон ярилаа.

Энэ жил барилгын салбарт шинээр 26 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орсон. Ашиглалтад орсон орон сууцны дөнгөж 50 орчим хувь л борлосон. Цаана нь үлдсэн 13 мянга орчим өрхийн орон сууцаа барилгын компаниуд төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр иргэдэд борлуулах аргаа хайж эхэлжээ. УИХ-аас Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш арилжааны долоон банк нийт 759 иргэнд 47.2 тэрбум төгрөгийн орон сууцын ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс эхний ээлжид зургаан банк 110 иргэнд 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг олгосон байх юм.

Сар бүр “Тэнхлэг зууч” компаниас олон нийтэд танилцуулдаг орон сууцын үнийн талаарх нэгдүгээр сарын судалгаа ирэх сарын 12-ны өдөр нэгтгэгдэх юм. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцэст нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлалтай орон сууц хамгийн өндөр үнэтэй байсан бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байжээ. Цаашид орон сууцны үнэ энэ хэвээр тогтвортой буурах хандлага ажиглагдсаныг судлаачид тодотголоо

Д.УЛАМБАЯР

Эх сурвалж: www.news.mn

Leave a Reply