Монгол Улсын Засгийн газрын 2015.06.15-ны өдрийн 248-р тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд УБ хотын 7-р хорооллын Хангай хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлсэн бөгөөд эдгээр түрээсийн орон сууцнуудад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг 2016.08.05-ны өдөр зохих журмын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас зохион байгуулсан билээ.
Гэвч тус хорооллын байрнуудыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа нь гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай холбогдон удааширч байгаагаас шалтгаалан иргэд байрандаа орж чадахгүй байдал үүсээд байна. Иймд ТОСК ТӨҮГ-ын удирдлагууд санаачилан Хангай хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компаний ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй 2016.12.06-ны өдөр уулзалт зохион байгуулж түрээсийн байрнуудыг ашиглалтанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг хангахыг шаардлаа.