OCCK-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан Хөгжлийн санхүүгийн үндэсний анхдугаар чуулга уулзалтад оролцож илтгэл тавьлаа

   “Монгол банк”, “Санхүүгийн зохицуулах хороо“, “НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр”, “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”, “Хас банк” хамтран “Хөгжлийн санхүүгийн үндэсний анхдугаар чуулга уулзалт”-ыг 2008 оны 2 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулга уулзалтын нээлтэд Сангийн сайд Ч.Улаан, “Хас банкны ерөнхий захирал, Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч М.Болд, Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Аршаад Саяад нар оролцож үг хэллээ.

   Тус чуулга, уулзалтад ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан оролцож “Орон сууцны санхүүжилт, хөрөнгийн үнэт цаасжуулалт” дэд хуралдаанд “Засгийн газрын орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийн ажлын явц” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тус илтгэл нь Монгол улсын орон сууцны зах зээлийн өнөөгийн төлөв байдал, Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн явц, 2008 онд Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг орон сууцны санхүүжилттэй холбогдох тулгамдсан асуудлуудыг хөндсөнөөрөө чухал ач холбогдолтой боллоо.

   Чуулга, уулзалтаас гарах зөвлөмжид тусгуулахаар орон сууцны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, орон сууцаар барьцаалсан урт хугацаат зах зээлийг дэмжихүйц мэдээллийн бааз, механизмыг бий болгох, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийн төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн баталгааны сан байгуулах зэрэг бодлогын шинжтэй санал, дүгнэлтүүдийг танилцууллаа.

Leave a Reply