Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хамруулж тэдний орон сууцны хангамжийг сайжруулах зорилго бүхий хамтран ажиллах гэрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, ЦЕГ-ын дарга, хошууч генерал М.Ганболд нар гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд БХБ-ын сайд Ц.Цолмон, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар оролцлоо.
Хамтран ажиллах тухай гэрээнд Улаанбаатар хот болон орон нутагт цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдын орон сууцны зориулалттай барилга барьж байгуулах, санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдэд баригдаж буй 40, 20 айлын орон сууцны барилгуудаас 10 хүртэлх хувьд нь цагдаагийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах, сумдад баригдаж байгаа 4,8 айлын орон сууцнаас тус бүр 1 айлын орон сууцыг орон нутгийн цагдаагийн газарт худалдан борлуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.