40000 орон сууц хөтөлбөрийн хяналтын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2008 оны 4-р сарын 8-ны өдөр Сангийн яаманд боллоо. Энэхүү хуралдаанд 40000 орон сууц хөтөлбөрийн хяналтын зөвлөлийн гишүүн байгууллага болох МҮЭХ, МАОЭХ, МБХ-ны удирдлагууд болон Сангийн сайд Ч.Улаан, дэд сайд Н.Батцэрэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт, БХБЯ-ны газрын дарга Г.Мягмар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Э.Мөнх-Очир нар оролцлоо.
ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “40000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжит хувилбаруудын талаар мэдээлэл хийлээ. Оролцогч талууд өөр өөрсдийн хариуцсан ажлын талаар мэдээлэл хийж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиолдож байгаа бэрхшээлүүдийн талаар ярилцаж, тодорхой асуудлуулыг нарийвчлан судлаж дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг байгуулахаар тохиролцлоо.