95 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 95 жилийн түүхийг бичилцэж яваа бүтээн байгуулалтын салбарынхан жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр” – ын өдөр болгон тэмдэглэн ирсэн.

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, “Барилгачдын талбай”-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулж, алдаршуулдаг уламжлалтай. Ковид цар тахлын улмаас цахим байдлаар 2021 оны шилдэг 12 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Талбайд туг мандуулах ёслолын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм.

Нээлтийн ажиллагаанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБ-ын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, мөн БХТ -ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнуудын төлөөлөл биечлэн оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэнд дэвшүүллээ.

Ийнхүү 2021 оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуйн нэгжийг алдаршуулан дуудаж, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөлийг гардуулан, тугаа мандууллаа. Барилга угсралтын чиглэлээр “Химон конштракшн”, “Томобюлдинг”, “Макс өргөө”, Инженерийн шугам сүлжээний чиглэлээр “Билгүүн-од”, Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Мон цемент билдинг материалс”, “Байгууламж Од”, “МСМ групп”, Зураг төслийн чиглэлээр “Барилга байгууламж”, “Урбан девелопмент консалтинг групп”, “Хайдродизайн прожект”, “Эрдэнэт үйлдвэр”, “Ганбиж” компаниуд тус тус шалгараад байна.

Шилдгээр шалгарсан нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын хамт олонд баяр хүргэж, цаашдын бүтээн байгуулалтын их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

\