Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй салбарын томоохон арга хэмжээ болох “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспо төвд өчигдөр /2021.09.09/ 12:00 цагт нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд болон холбогдох албан тушаалтнууд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Дэд захирал Д.Ибрай, “ТОСК” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал болон холбогдох албан тушаалтнууд, МБҮА-ийн Захирал Л. Хулан, МБМҮХ-ны менежер Г. Цэрмаа, Ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол групп” ХХК-ийн маркетинг хариуцсан дэд захирал Г. Эрдэнэтөгс, Ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо пропертис” ХХК-ийн захирал П. Лхагвадорж, “Тэсо пропертис групп”-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо, Ивээн тэтгэгч “Монкон Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батхуяг зэрэг салбарын төлөөллүүд оролцлоо.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үзэсгэлэнд оролцогч байгууллага, хувь хүмүүст хандаж Барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн мэндийг хүргээд, төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр үгэндээ “сүүлийн хоёр жилд ковид цар тахал дэлхий даяар тархаж, улс, орнуудын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт сөрөг нөлөөллийг үзүүлсээр байна. Энэ нь манай улсыг тэр дундаа барилгын салбарыг ч тойрсонгүй, барилгын гол нэрийн импортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт саатах, үнэ өсөх, хомсдол үүсэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Тиймээс импортыг орлох, дотоодын барилгын материал, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарт жилээс жилд ахиц дэвшил гарч, үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн хувьд 6, бетон хийц, эдлэлийн хувьд 4, хөнгөн бетоны хувьд 2 дахин нэмэгдэж, бетон, төмөр бетон болон барилгын дүүргэлтийн материал, хаших бүтээц, дулаалгын материалын хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшинд хүрлээ. Гэсэн хэдий ч их хэмжээний валютыг гадагш нь урсгадаг импортыг орлох зарим нэр төрлийн барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад экспортлох хэмжээний хүчин чадал бүхий барилгын материалын үйлдвэрүүдийг бүсчилэн байгуулах тал дээр анхаарч ажиллах цаг болсон байна.
Барилгын чанар материалын чанараас ихээхэн хамааралтай. Өнөөдөр барилгын материалын 40 хувийг шинжилгээнд хамруулж байгаа нь чанарын хяналт ямар түвшинд байгааг харуулж байна. Барилгын материалын үйлдвэрүүд дотооддоо бүтээгдэхүүнийхээ чанарыг хянадаг лабораторитой байх, лабораториудын шинжилгээний үр дүнг эцэслэн хянадаг лавлагаа лаборатори байгуулах шаардлага ч тавигдаж байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Замын-үүд боомтод барилгын материалын сорил, шинжилгээний түргэвчилсэн лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Мөн 2020 оны аравдугаар сараас ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулж, зээлийн эх үүсвэрийг 3 дахин нэмэгдүүллээ. 2021 оны есдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 727 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн зээлийг 9661 зээлдэгчид олгоод байна.
Энэхүү зээлийг 76 хувийг нийслэлийн, 24 хувийг орон нутгийн иргэдэд олгосон байна. Цаашид жил бүр 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтэд шийдвэрлэж, барилгын компаниудын борлуулалтыг дэмжинэ” гэдгийг онцоллоо. Үзэсгэлэнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй ААН, байгууллагууд нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт техник технологи, захиалга авч буй шинэ сууцны төсөл хөтөлбөрүүд, барилгын материалуудаа иргэд олон нийтэд танилцуулж эхлээд байна. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болоод оролцогч компаниудын бүтээгдэхүүн, барилгын материал, шинэ орон сууцны мэдээллийг онлайн хэлбэрээр www.barilgaexpo.mn сайтаас шууд LIVE-ыг хүлээн авч үзэх боломжтой юм байна. Үзэсгэлэн есдүгээр сарын 09-12-ны өдрүүдэд үргэлжлэх аж.