You are currently viewing “ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “GIZ”-ИЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧИДТАЙ УУЛЗЛАА

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “GIZ”-ИЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧИДТАЙ УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.11.15/ Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний хэмнэлттэй барилга” төслийн удирдагч, доктор Дуня Хофман, төслийн Ахлах мэргэжилтэн бөгөөд Зөвлөх инженер С.Цэрэндаш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөх М.Бат, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүх, Төслийн хэлтсийн дарга Ж.Золбаяр нар оролцлоо. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд үндэсний оруулах хувь нэмрийн хүрээнд хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн хэмжээг бууруулах зорилгын хүрээнд хамтран ажиллах санал, санаачилгын талаар ярилцлаа.
Мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн зүгээс ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцны төсөл, ногоон амины орон сууцны талаар танилцууллаа.
Дашрамд дурьдахад, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь “Hybrid house” компани, “ТоС” холбоо, Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн нутаг, Дэнжийн 1000-ын гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны жишиг хотхон барихаар ажиллаж байгаа билээ.
Гэр хороололд баригдаж буй хабрид технологийн жишиг хотхоны ажлын явц амжилттай үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Hybrid house” компани ажиллаж байгаа юм. Гэр хороолол дунд баригдаж буй эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны жишиг хотхон нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах хабрид технологийг нэвтрүүлсэн гэдгээрээ давуу талтай.
Мөн хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй, хаус бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар шийдэгдсэн, 1-2 давхар амины орон сууц байх юм. Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй, эко сууцыг олноор нь барьснаар агаар болон хөрсний бохирдлоос ангижирах бүрэн боломжтой билээ.