You are currently viewing Төр түрээсийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

Төр түрээсийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

Орон сууц түрээслэн амьдраад хуримтлал үүсгэх бололцоотой өрхийн тоо орон сууц худалдан авах чадвартай өрхийн тооноос хэд дахин их байгааг судалгаа харуулдаг. Гэвч манай улсын хувьд төрийн оролцоотой түрээсийн орон сууцны зах зээл огт хөгжөөгүй учраас түрээслэгчид хувь хүмүүсийн түрээслүүлдэг орон сууцанд өндөр үнэ хөлс төлж амьдарсаар ирсэн.

Одоогийн нөхцөл байдлыг өөрчилж, хямд үнэтэй түрээсийн орон сууц олноор ньбий болгох зорилгоор Засгийн Газраас саяхан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж, 2021 он хүртэл:

– Нийслэлд 16.000,

– Орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх шийдвэр гаргасан нь залуу гэр бүлүүд, орон сууц худалдан авах хуримтлалгүй иргэд, зорилтот бүлгийнхний хувьд сайн мэдээ…

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд

– 12.000 айлын орон сууцыг шинээр барих,

– Одоо байгаа орон сууцнаас 8000 айлын орон сууцны нөхцлийг сайжруулж, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг сонирхуулъя.

Хөтөлбөрийн нийт санхүүжилт – 1,1 их наяд төгрөг

Үүний:

– 9 хувь буюу 108,2 тэрбум төгрөгийг – Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар

– 43 хувь буюу 478,8 тэрбум төгрөгийг – Орон нутгийн төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр

– 48 хувь буюу 532 тэрбум төгрөгийг – Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Эндээс харахад түрээсийн орон сууц хөтөлбөрт хувийн хэвшлийнхний оролцоо түлхүү байх нь. Хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэлбэрээр хөтөлбөрийг эхлүүлж, цаашдаа сан бүрдүүлсний үндсэн дээр үргэлжлүүлээд явах боломжтой гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байна.

Эхний ээлжинд төлөвлөгдсөн 1300 айлын орон сууцыг энэ оны сүүлчээр болон ирэх оны эхээр ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд,“Гангар инвест” компани Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд эхлүүлээд байгаа хорооллоосоо тодорхой тооны орон сууцыг нийлүүлж эхэлнэ гэх мэдээлэл байна.

“Түрээсийн орон сууцны сан”-г хэрхэн бүрдүүлэх тухай БХБЯ-ны албан тушаалтнаас тодруулахад:

-Хувийн хэвшлийнхэнд газар, дэд бүтцийг нь хөнгөлөлттэй нөхцлөөр шийдэж өгөөд барьсан орон сууцны талбайнх нь 2 хувийг орон нутгийн өмчид шилжүүлэн авах замаар 2800 айлын орон сууц,

-Орон нутгийн төсвөөр түрээсийн орон сууц бариулах, борлогдоогүй байгаа орон сууцнаас худалдан авах замаар 5260 айлын орон сууц,

-Орон сууцны нийт талбайнхаа 2 хувийг худалдан борлуулахгүй зөвхөн түрээсийн хэлбэрээр ашиглуулах гэрээг хувийн хэвшлийнхэнтэй хийснээр 2800 айлын орон сууц,

-Зах зээл дээр ашиглагдаж байгаа түрээсийн зориулалттай орон сууцны ахуй нөхцлийг сайжруулах замаар 7840 айлын орон сууцны асуудлыг тус тус шийднэ. Түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас 2 дахин бага хэмжээтэй байх тухай Засгийн Газрын тогтоол гарсныг иргэд мэдэж байгаа биз ээ” гэсэн хариултыг өгч байна.

Дээрхи төлөвлөгөөнөөс харахад санг бүрдүүлэх арга зам тийм ч хэцүү биш, аль аль талаа дэмжсэн боломжийн хувилбар учраас түрээсийн орон сууцны хөтөлбөр саадгүй хэрэгжээд явах магадлалтай юм. Гэвч ирэх жил сонгууль болно. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг өмнөх Засгийн Газрын эхлүүлсэн ажлуудыг үгүйсгээд эхлэхгүй гэх газаргүй….

Ийм саад тохиолдохгүй бол 2021 он гэхэд хот, хөдөөд 20.000 айлын хямд үнэтэй түрээсийн орон сууц бэлэн болж, улмаар энэ зах зээл хөгжих шатандаа орох нь…

Leave a Reply