You are currently viewing УЛСЫН ТӨСВИЙН БОЛОН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖСЭН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕНОЛОГИУДТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

УЛСЫН ТӨСВИЙН БОЛОН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖСЭН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕНОЛОГИУДТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн Захиалагчийн техникийн хяналтын хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолын дагуу Улсын төсөв болон гадны зээл тусламжаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд дээр захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.
Энэ жил улсын төсөв болон гадны зээл тусламжаар хэрэгжсэн нэлээд олон томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон. Эдгээр бүтээн байгуулалт, барилга байгууламжууд дээр Барилгын хөгжлийн төвийн инженерүүд өнгөрсөн долоо хоногт ажиллаж, дэвшилтэд техник технологиудыг үзэж сонирхон, харилцан туршлага солилцлоо.
“Чингис хаан” музейн барилга, Баянзүрх дүүрэгт байрлах АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы сургалтын эмнэлэг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан Нийслэлийн 75 дугаар сургууль, “Үндэсний оношлогоо эмчилгээний төв”, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ХУД-ын 10 хороонд баригдаж байгаа 640 хүүхдийн сургууль, “Чингис хаан нисэх онгоцны буудал” гэх зэрэг томоохон бүтээн байгуулалтууд юм. Эдгээр улсын төсөв болон гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологиудыг ашигласан томоохон бүтээн байгуулалт, барилга байгууламж дээр монгол инженерүүд, монгол туслан гүйцэтгэгч компаниуд ажилласан бөгөөд тэд хийсэн ажлынхаа танилцуулагыг, шинэ дэвшилтэд техник технологиудыг Барилгын хөгжлийн төвийн инженерүүдэд дэлгэрэнгүй танилцуулж, сонирхуулсан юм. Жишээлбэл, “Чингис хаан” музейн барилгыг зуун хувь монгол компани, монгол инженерүүд барьж богино хугацаанд ашиглалтад оруулсан бөгөөд Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажилласан.
Музейн барилга нь нийтдээ 20500 кв.м талбайтай, 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа сургалт танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор бөгөөд барилгын хувьд үндсэн барилга, гоёл чимэглэлийн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж, гоёл чимэглэлийн хэсэгт Монголын урчуудын эвлэлийн холбооноос зургаан багц ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд нэгдүгээр ажил нь “Алтан шонхор”-ын хэсэг юм. 5 метр өндөртэй, 700 орчим клограммын жинтэй “Алтан шонхор” нь Монголдоо анхдагч хийцлэлд тооцогдож байна. Мөн музейн гадна фасадны хувьд олны анхаарлыг ихээхэн татаж буй бөгөөд нийт 11 мянган метр квадрат чулуу орж, чулууны хэвийг тусгай захиалгаар хийж гүйцэтгэсэн талаар барилгын инжененүүд тайлбарлалаа. Музейн дотоод гэрэлтүүлгийн шийдлүүд, галын аюулгүйн ажиллагааны систем, агааржуулалт, камержуулалтын хамгийн сүүлийн системийг нэвтрүүлсэн гэх зэрэг дэвшилтэд техник технологиудыг ашиглажээ.
Улсын төсвийн болон гадны хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгуудаас онцлоход, Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан нийслэлийн 75 дугаар сургуулийн барилга, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилгууд нь Монгол Улсад жишиг стандартыг тогтоохуйц барилга болж чаджээ. Спорт заал нь гамшгийн үед хоргодох байрны зориулалтаар ашиглахад зориулагдсан, хоол хүнсний нөөцийн зоорьтой, анги танхим, өрөө тасалгаа, хонгил, шат гээд бүхий л орчиндоо хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сурагчдын нас насанд нь тохируулж тоноглосон нь стандарт норм бүрэн хангаж чаджээ.
Мөн олон улсын стандартын дагуу баригдсан гурван эмнэлгийн барилга энэ жил ашиглалтад орсон бөгөөд шинэ эмнэлгүүдийн хувьд бүгд агааржуулалтын орчин үеийн дэвшилтэд технологи бүхий автомат системийг нэвтрүүлсэн нь онцлог байв. Давхар болгоны агааржуулалтын систем тус тусдаа хоолойтойгоос гадна өвлийн цагт хүйтэн агаарыг халааж тасалгааны хэмд болгох, зун халуун агаарыг хөргөж мөн тасалгааны хэмд агааржуулах автомат систем хийгдсэн, мөн онцгой байдлын үед ашиглах цахилгаан үүсгүүртэй, цахилгаан тасарсан ч эмнэлгийн хагалгаа, эрчимт эмчилгээний тасгийн тог тасрахгүй байх зэрэг олон шинэлэг, дэвшилтэд технологиуд нэвтрүүлсэн нь мөн Монголд анхдагч систем болжээ.
Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер буюу дэд захирал Б.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Барилгын хөгжлийн төвийн инженер техникийн ажилтнууд Монгол Улсын хэмжээнд баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажлыг чанартай, нийтээр дагаж мөрдөж байгаа норм, дүрэм, стандартад нийцсэн барилга байгууламжийг бариулах зорилготой ажилладаг.
Ялангуяа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний барилга байгууламжуудыг Монгол Улсын хэмжээнд нийтлэг нэг жишигт нийцүүлж барьдаг болгох зорилготой ажиллаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд манай гурван хэлтсийн инженерүүд оролцож байна. Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламж, зураг төслийн магадлалын хэлтэс жилд дунджаар 2200 орчим зураг төсөл хянаж баталгаажуулж, энэ ажлын ард хөндлөнгийн 235 эксперт ажилладаг бол Барилга байгууламжийн захиалагчийн техникийн хяналтын хэлтэс жилд 600 орчим төсөл хөтөлбөрт захиалагчийн техникийн хяналт хийж, 200 гаруй төсөл арга хэмжээг байнгын ашиглалтад оруулдаг. Харин Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэс хил гаалиар орж ирж байгаа барилгын материал, бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, Монгол Улсад шинээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгон ажиллаж байна” гэв.