You are currently viewing Орон сууцжуулалт: Сингапур улсын туршлага

Орон сууцжуулалт: Сингапур улсын туршлага

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар Сингапур томоохон амжилтад хүрсэн бөгөөд Сингапурын иргэдийн 85% нь төрөөс барьж байгуулсан орон сууцанд амьдардаг.
Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагыг нь Орон сууцжуулалт, хөгжлийн зөвлөл гэдэг. Орон сууцжуулалт, хөгжлийн зөвлөл олон нийтийг боломжийн үнээр орон сууцаар хангах зорилгоор эдгээр сууцуудыг бариулдаг бөгөөд тэдгээрийг иргэд Хуримтлалын төв сан хэмээх нийгмийн даатгалын сангийн дэмжлэгтэйгээр худалдан авдаг.
Түүхэн замнал
Дэлхийн II дайны дараа Сингапурын хүн амын дийлэнх нь эвдэрч муудсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, дэд бүтэц муутай, тагз голдуу байшинд амьдардаг байжээ. 1948 онд Сингапурын хүн ам 938,000 байсан бөгөөд 680,000 нь хотын төвдөө бөөгнөрсөн байдалтай амьдардаг байв.
Орон сууцжуулалт, хөгжлийн зөвлөл нь Сингапурын орон сууцны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд 1960 онд байгуулагдсан. Аль болох богино хугацаанд олон тооны орон сууцыг хямд өртгөөр барих зорилт тавин ажилласан байна. Байгуулагдсанаасаа хойш 40 гаруй жилийн дараа гэхэд ОСХЗ нь 862,918 айлын орон сууц барьж байгуулсан ба эдгээрт Сингапурын хүн амын 85 орчим хувь амьдарч байв.
ОСХЗ нь орон сууц барьж байгуулах, түүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх, чөлөөлөх газар дээр амьдарч байсан иргэдийг байршуулах, орон сууцыг худалдан авах зориулалтаар зээл олгох, түрээсийн болон худалдсан орон сууцнуудын ашиглалтыг хариуцан ажиллах албан ёсны эрхтэйгээр байгуулагдсан.
ОСХЗ-ийн нийтийг хамарсан орон сууцжуулах үйл ажиллагаа явуулахын тулд Сингапурын засгийн газраас санхүүгийн болон хууль эрх зүйн чиглэлд багц арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
Засгийн газраас санхүүгийн баталгаа гаргах, орон сууц барихад зээл олгох зэргээр хөтөлбөрийг санхүүгийн хувьд дэмжсэн бол 1960 онд батлагдсан “Орон сууцны хөгжлийн тухай хууль”-иар  ОСХЗ-д тус улсын орон сууцны асуудлыг цогцоор нь шийдэх эрх олгожээ.
Мөн 1967 онд баталсан “Газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай хууль”-иар хүн амыг орон сууцжуулах, бусад нийтийг хамарсан хөтөлбөрт зориулж чөлөөлөх эрхийг эрх бүхий байгууллагуудад олгосноор ОСХЗ нь энэ хууль болон иргэдийг дахин байршуулах бодлогынхоо тусламжтайгаар хуучны хорооллуудын газрыг хүндрэлгүй чөлөөлж, иргэдийг нь орчин үеийн орон сууцны хороололд шилжүүлж чадсан байна.
ОСХЗ 1964 онд “Орон сууц эзэмших схем” хэмээх иргэдэд орон сууц эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр баталснаараа орон сууцжуулах хөтөлбөрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргажээ.
Анхандаа схемийн хэрэгжилт удаан байсан бол 4 жилийн дараа, 1968 онд Хуримтлалын төв сан хэмээх нийгмийн даатгалын систем байгуулснаар олон нийтийг орон сууцжуулах ажил эрчимжсэн байна. Иргэд Хуримтлалын төв сан дахь хуримтлалаараа орон сууцны урьдчилгаа төлбөр, сар тутмын зээлээ эргэн төлөх бололцоотой болсон юм.
Энэ нь орон сууцжуулах хөтөлбөрийг огцом хурдасгасан. Орон сууц эзэмших схемийн тусламжтайгаар иргэд санхүүгийн эрсдлээ багасгаж инфляци, түрээсийн үнийн өсөлтөөс хамгаалагдах хэрэгсэлтэй болжээ.
ОСХЗ-ын үйл ажиллагаагаа дараахь эх үүсвэрээс санхүүжүүлдэг.

  • Засгийн газрын татаас
  • Засгийн газрын зээл
  • Хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгө
  • Орон сууцны борлуулалтаас орох орлого
  • Зээлээр орон сууц авсан иргэдийн ззэлийн хүүгийн орлого
  • Орон сууцны түрээс, түүнтэй холбогдох ашиг орлого
  • Машины зогсоолын орлого

ОСХЗ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан засгийн газрын зээлүүд дараахь үйл ажиллагаанд зарцуулагддаг. Үүнд:

  • ОСХЗ-ийн  байрыг худалдан авагчдад зориулсан моргейжийн зээл олгоход санхүүжүүлнэ.
  • Орон сууцны засвар, шинэчлэлийг санхүүжүүлнэ.
  • ОСХЗ-ийн орон сууцны хороолол барих хөтөлбөр болон үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

1960 онҮр дүн, тулгарсан асуудал
Хэдийгээр 1960-аад оны үед аль болох олон орон сууц ашиглалтанд оруулж, хэрэгцээ хангах шаардлагатай байсан ч ОСХЗ нь хэзээд хот төлөвлөлтийн тогтвортой бодлогыг баримтлан, бүх талаас нь бодолцсон буюу өөрийн гэсэн хотхоны төв, хүүхдийн тоглоомын газар, усан бассейн, дэлгүүр, зах, номын сан болон оршин суугчдыг ажлын байраар хангах зорилго бүхий хөнгөн үйлдвэрүүдээс бүрдсэн иж бүрэн хотхон барьсаар ирсэн.
1970-аад оны эхээр нийт хүн амын 1/3 нь ОСХЗ-ийн барьсан орон сууцаар хангагдсан байв. Энэ үеийг хот төлөвлөлт, хурдтай барилгажуулалтын эрин хэмээн дурсдаг. ОСХЗ-ийн шинэ сууцнууд хажуудаа худалдаа, үйлчилгээний төв зэрэг олон үндэстний иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах орчинтойгоор байгуулагдаж байв.
Бүх шинэ хотхонд автобусны буудал, сургууль, спорт төв, парк байдаг бөгөөд үйлдвэр, албан байгууллагууд зэрэг ажил олгогч байгууллагууд ч байдаг.
Харин 1980-аад онд амьдралын чанар, тав тухын асуудалд онцгой анхаарах болсон байна. Дундаа нэг амралт, чөлөөт цагийн төвтэй 400-600 айл өрхөөс бүрдсэн сонгуулийн хэсгүүд бий болсон бөгөөд эдгээр нь дангаараа, эсвэл хажуугийн хэсэгтэй нийлж, амьдрах орчиндоо санаа тавиасай гэсэн бодлогын хүрээнд байгуулагдсан юм.
1990-ээд онд сонгуулийн хэсэг, амьдралын чанарын асуудлуудаас гадна орчны үзэмж, архитекторт онцгой анхаарах болсон бөгөөд ингэхдээ байгалийн унаган төрх, гол горхи, дов толгодыг хөндөхгүй үлдээхэд анхаарч ажилласан байдаг.
Орон сууц барьсны дараахь үйлчилгээ нь барьж босгохоос дутуугүй чухал болох нь удахгүй тодорхой болов. ОСХЗ байгуулагдсан цагаасаа шинээр баригдсан хотхон, хорооллуудын орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж байв.
Хүн амын 85 хувь нь тэдгээр орон сууцанд суух болсноор, оршин суугчдын янз янзын хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад тохируулж ганц байгууллага ажиллах нь хүндрэлтэй болжээ.
Ингээд 1988 оноос  хотхоны зөвлөл байгуулагдан,  өдөр тутмын ажлыг хариуцах үүргийг хотхоны зөвлөлд шилжүүлсэн байна. Орон сууцны үйлчилгээг ийнхүү төвлөрсөн биш болгон салгаснаар үйлчилгээний хурд сайжирснаас гадна хотхоны онцлог, иргэдийн өөр өөр хүсэл сонирхолд нийцсэн шийдлүүд гарах болсон юм.
Одоо Сингапурын хүн амд эзлэх ахмадуудын хувь хурдацтай өсч байгаа. Иймд сүүлийн жилүүдэд ахмадуудыг ая тухтай орон сууцаар хангах асуудлыг чухалчилж байна.
Ахмадууд үр хүүхэддээ ойрхон ч өөрийн эрх дураар тусдаа амьдрахаар тооцсоноос гадна орон сууцны хийц, тавилга, шат, хонгил, гэрэлтүүлэг, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин зэргийг ахмад хүний онцлог, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан барьж байгуулж байна. Мөн ахмадад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ бий болгож байна.
Ойрын үед Сингапурт 800 мянгаас 1 сая шинэ сууцны хэрэгцээ байна гэсэн судалгаа бий. Гэтэл газар хязгаартай, хангалтгүй. Иймд маш өндөр сууцнууд барих төлөвтэй байна.
Эцэст нь хэлэхэд ОСХЗ байгуулагдсанаасаа хойш орон сууцжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, амжилтад хүрэхэд дараахь хүчин зүйлс голлон нөлөөлжээ.
Үүнд:

  • Засгийн газрын хүчтэй дэмжлэг
  • Хууль эрхзүйн сайн орчин
  • Орон сууц эзэмшлийн схемНийгмийн даатгалын оновчтой систем
  • Олон нийтийн харилцааг бий болгоход гаргасан дэвшил зэрэг юм

Leave a Reply