Монгол Улсын Засгийн газар 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгийн эрэлд мордлоо. УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 18.1 их наяд төгрөгийн хөрөнгө шаардаж буй. Үүнийг Хөгжлийн банкаар дамжуулан “босгоно” гэсэн төлөвлөгөөтэй ч, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын хэлснээр бол мөддөө энэ ажил эхлэхгүй нь.
Гэхдээ Засгийн газар гар хумхин суух нь цаг алдахын эхлэл гэж шийдсэн бололтой Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзаж, “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох. Мөн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт олноор хамруулахын тулд зээлийн хүүг бууруулах бодитой судалгаа хийн, өнөөдрийн дотор багтаан, төлөвлөгөөгөө дахин танилцуулах үүргийг өгсөн юм.
Монголбанкны зүгээс “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хоёр дахь аргачлалыг ашиглахыг хүсч буй юм. Тодруулж хэлбэл, Засгийн газраас үнэт цаас гаргаж, энэ ажлыг эхлүүлэх нь арилжааны банкуудад ирэх эрсдлийг ч тодорхой хэмжээгээр хязгаарлана гэсэн байр суурь баримталж байна. Харин Ерөнхий сайд С.Батболд орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банкны зээлийн хүүг бууруулах боломжийг судлахыг ажлын хэсгийнхэнд өгчээ. Тодруулж хэлбэл, орон сууцны зээлийн хүүг жилийн зургаан хувь руу бууруулах бололцоог бүрдүүлэх ёстой хэмээн үзсэн байна. Одоо байгаа арилжааны банкуудаас иргэдэд тавьж буй нөхцлөөр орон сууцны зээлийн жилийн хүү 12 хувиас дээш байгаа юм.
Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулан төрийн албан хаагчдад зориулан олгож буй зээлийн хүү жил нь найман хувь. Ажлын хэсгийнхний төвшин дэх яриагаар “Арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүүг хүчээр зургаан хувь руу бууруулах бололцоогүй. Энэнд хүрэхэд хугацаа шаардана. Тэр дундаа хадгаламжийн хүү өндөр байгаа үед бололцоогүй тул, наад зах нь 2012 оны сүүлээр хугацаа нь дуусах Иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан хуулийг эргэж харахаас аргагүй” хэмээжээ. Гэхдээ одоогоор яс тас шийдчихээгүй ч, хоёр хувилбар явж байгаа гэх. Тодруулбал, хэрвээ орон сууцны зээлийн хүүг жилийн зургаан хувь хүртэл бууруулах тохиолдолд арилжааны банкуудад хүүний зөрүүг олгох. Өөрөөр хэлбэл, иргэдийн гарт хүрэх зээл жилийн зургаан хувиар очлоо гэхэд үлдэж байгаа тодорхой зөрүүг төрөөс даах хувилбар яригдаж байгаа аж. Орон сууцжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын хувьд ийм туршлага олонтаа гэнэ. Гэхдээ Монгол Улсын арилжааны банкуудын хувьд зээлийн хүү өндөр байдаг нь эргээд төрөөс олгох нөхөн олговрын мөнгөний хэмжээг ихэсгэж болзошгүй тул болгоомжтой хандаж, арилжааны банкуудтай эхэлж, хэлэлцээрийн ширээний ард сууж, бодит хүүн дээр тохиролцох ёстой гэсэн байр суурь ч энэ үеэр гарчээ. Нөхцөл байдлыг авч үзвэл Монголбанкны хувьд валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн хямралтай жилүүдэд бодлогын хүүгээ өсгөж ирсэн нь эргээд зээл гадагшлахгүй байх нөхцөл орчин руу оруулсан тул зөвхөн арилжааны банкуудыг зээлийн хүүгээ бууруул гэсэн хатуу болзол тавих нь эргээд банк санхүүгийн системээ эвдэж, хүнд байдалд оруулж болзошгүй тул эхлээд төв банк бодлогын хүүгээ бууруулчихаад, дараа нь арилжааны банкуудтай ярилцах нь зах зээлийн жинхэнэ шударга зарчим болно гэх байр суурь ч энэ үеэр гарчээ. Хоёр дахь хувилбарыг дэмжигчдийн хувьд орон сууцжуулах хөтөлбөр бол нийгмийн хөтөлбөр болохоос бизнесийнх биш.
Арилжааны банкууд хэрвээ зээлийн хүүгээ бууруулахгүй гэвэл дан ганц Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан төрийн албан хаагчдаар хязгаарлахгүй орлогын эх үүсвэр нь тодорхой хувийн хэвшлийнхэнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод явах нь илүү амьдралд нийцтэй, бодлогын арга хэмжээ болно гэж үзсэн байна. Харин ажлын хэсгийнхэн өнөөдөр эдгээр хувилбаруудаа Ерөнхий сайдад танилцуулна. Ингэхдээ дээрх хоёр хувилбарыг аль алиныг нь хэрэглэхээр шийдэж байна уу, аль эсвэл зөвхөн Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү гэдэг нь ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөс хамаарна. Хэрвээ “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд зээл олгож, хүүгийнх нь зөрүүг төрөөс олгоно гэвэл төрөөс нөхөн олговорт зориулж хэдий хэмжээний хөрөн
гө шаардах вэ гэдэг нарийвчилсан тооцоог гаргаж ирэх юм.
Нөгөө талаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд энэ хавраас зарим ажлууд эхлэхээр болж буй. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд амьдарч байгаа иргэдийн газрыг чөлөөлөхөд зориулж Улаанбаатар хот 20 тэрбум төгрөг гаргахаар 2011 оны төсөвт суулгачихаад буй.Гэхдээ тухайн газар оршин сууж байгаа иргэдийн хувьд газраа зах зээлийн үнээс хэт өндөр үнэлж, зарим тохиолдолд 100-120 сая хүртэлх төгрөгийг шаардаж буй нь нэг талаар газар чөлөөлөх явцад хүндрэл учруулж болзошгүй тухай албаны хүмүүс онцолжээ. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудалд “Нийтийн эрх ашгийн үүднээс зарим тохиолдолд төрийн зохицуулалт чанга байхыг сануулж, хотын удирдлагуудад ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм байна.