You are currently viewing Э.ЗОЛБОО: ДАГУУЛ ХОТЫНХОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД БНСУ-ЫН ТАЛААС ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА

Э.ЗОЛБОО: ДАГУУЛ ХОТЫНХОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД БНСУ-ЫН ТАЛААС ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хот байгуулах тухай шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Майдар хотод хөшөөнөөс өөр юм байхгүй байна гэх шүүмжлэл гарч байна. Хот байгуулах ажил ямар шатанд явж байгаа вэ?

-УИХ-ын 2020 оны 55-р тогтоолоор УБ хотын төлвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх зорилгын хүрээнд төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж “Шинэ Зуун” мод хот нэртэй дагуул хот байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газар  энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.  Өнгөрсөн нэг  жил хагасын богино хугацаанд хэд хэдэн чухал ажлуудыг амжууллаа. Тухайлбал шинэ хот барих газраа бэлтгэх зорилгоор  32,000 орчим га талбайг улсын хэрэгцээнд авлаа. Мөн тухайн газар нутаг дээрх инженерийн  дэд бүтцийн хангамжийн судалгааг хийж эхний ээлжинд 150,000 хүн ам амьдрах боломжтойг тодорхойлсны дагуу тухайн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад энэ сардаа багтааж ЗГ-т хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үүний дараа инженер шугам сүлжээний зураг болон угсралтын ажлууд нь энэ жилдээ ар араасаа хийгдээд явах юм.

-Манай улс хэзээ хамгийн сүүлд иймэрхүү хэмжээний том хот байгуулсан вэШинэ хот байгуулах тал дээр бусад улс орны туршлагыг судалж үзсэн үү?

-Монгол Улс хамгийн сүүлд Социализмын үед буюу 1980 онд Багануур дүүргийг цогц байдлаар нь төлөвлөж бүтээн байгуулсан цагаас хойш ямарваа нэгэн хот байгуулаагүй учраас өнөөдөр бидэнд хот байгуулсан туршлагатай боловсон хүчин ховор байна. Мэргэжлийн ур чадвартай хот төлөвлөгчид байгаад байдаг гэвч туршлага дутаж байгаа асуудал байгаа. Тийм учраас манай БХБЯ-ны хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн шинээр боссон хотуудын туршлагуудыг сайтар судалж байна. Жишээ нь, Солонгос улс манай улс шиг нийслэл Сөүл хотод нь хүн амынх нь тал хувь нь төвлөрсөн байсныг сааруулахын тулд тухайн хотоо тойруулаад 10 гаруй дагуул хотуудыг сүүлийн 20 жилийн дотор барьж байгуулсанаараа дэлхийд үлгэрлэж байгаа. Тийм учраас саяхан миний бие шинэ хотын төлөвлөлтөн дээр ажиллаж байгаа холбогдох хүмүүсийнхээ хамтаар тухайн хотуудын туршлагыг судлах, мөн хот байгуулалтын асуудлыг нь хариуцдаг яам болох Зам, Тээвэр, Дэд бүтцийн яамны дэд сайд Юун Сэн Вон болон холбогдох гол хүмүүстэй нь уулзалтууд хийж тэдний туршлагыг хуваалцах болон одоо хийж байгаа төлөвлөлтөн дээрээ зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллахаар тохиролцоод ирлээ.

-Солонгос Улс хэрхэн яаж шинэ дагуул хотуудыг байгуулж байнаМанайх юун дээрээ илүү анхаарах шаардлагатай вэ?

-Тухайн улсад очоод жишээ нь яг бүтээн байгуулалт нь ид явагдаж байгаа Геомдан хотод очиж үзэхэд ямар ч гэсэн бидний өнөөдрийг хүртэл хийж байгаа ажлууд зөв дэс дарааллын дагуу явж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Учир нь Солонгос улсад хот байгуулахдаа юун түрүүнд хот барихаар төлөвлөж байгаа бүх газрыг тухайн газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй нь хуулийн дагуу тохиролцож улс нь өөрийн мэдэлд авч байна. Дараа нь тухайн авсан газар дээрээ хүнийг тав тухтай амьдрах боломжоор хангах бүх инженер дэд бүтцийн хангамжийг судалж эх үүсвэрийн шийдлийг нь тодорхой болгож байна. Эдгээр ажлууд хийгдсэний дараа гагцхүү хэдэн хүн амтай хот байх вэ, хотын онцлог нь юу байх вэ  гэдгээ цогцоор нь харж тодорхойлсны үндсэн дээр хөгжлийн ерөнхий төлөвлөлтөө боловсруулдаг нь бидний өнөөдрийг хүртэл хйиж байгаа ажилтай нийцэж байсан. Гэвч цаашдаа бид яах вэ гэдэг дээр тухайн улсаас санаа авах, суралцах зүйлүүд багагүй байгаа юм. Жишээ нь төрийн бүх яам, агентлагуудаа 2012 оноос хойш амжилттай нүүлгээд дуусаж байгаа Сежун хотын сайн туршлагаас судлахад тухайн хотыг барьж байгуулах ажлыг гардан зохион байгуулж байгаа хотын Барилгын үндэсний агентлагийг төр засаг нь буюу манайхаар УИХ, Засгийн Газар нь  санхүүжилтээр гацаахгүйгээс эхлүүлээд холбогдох хууль, дүрэм, журам болон бүх талын зөвшөөрлүүдийг нь онцгой горимоор хурдан шуурхай шийдэж бүх талаас нь саадгүй ажиллах боломжоор хангаж хариуд нь цаг хугацаанд нь хяналт тавьж байгаа нь хотыг богино хугацаанд босгохын гол амжилт нь гэж анзаарагдсан гэх мэт бидний хувьд хэрэгжүүлэх шатандаа санаа авах, анхаарч ажиллах зүйлүүд их байна.

-Хот байгуулах төсөв хөрөнгийг хэрхэн зохицуулах вэ? Гадны хөрөнгө оруулалтыг татах уу? Ямар хугацаанд хэрэгжих төсөл вэ?

-Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд дээр суурилсан ТЭЗҮ хийгдэж байж төслийн нийт төсөвт өртөг тодорхой болно. Тэр үед санхүүжилтээ хэрхэх талаар Засгийн газрын түвшинд яригдах байх. Энэ талаар  эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Одоогийн байдлаар шинэ хотын бүтээн байгуулалтыг 2020-2040 оны хооронд хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин