“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар “ТОСК” ТӨХХК-ийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүхтэй ярилцлаа.
-“ТОСК” ТӨХХК-ийн хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлагаа эхэлье?
-“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аж ахуйн тооцоот компани юм. 2006-2016 онд Улаанбаатар хот, орон нутагт нийт 548.5 тэрбум төгрөгийн төсөв бүхий Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төсөл болон Орон сууцны барилгын санхүүжилтийн төслүүдийг хэрэгжүүлснээр 7,111 орон сууц барьж, 7,635 иргэнд зээл олгосноор 10 жилийн хугацаанд нийт 14,746 иргэн орон сууцтай болсон. Мөн Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд нийслэл болон орон нутагт нийт 1,512 айлын орон сууцыг Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолуудын дагуу шилжүүлсэн. Орон сууцны мкв-ын үнийн тухайд Засгийн газрын тогтоолын хавсралтад нийслэл болон орон нутагт ямар үнэтэй байх талаар тодорхой нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь одоогийн байдлаар “Залуус-1”, “Солонго 1, 2”, “Эко Яармаг-1” зэрэг төслүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бол орон нутагт ч мөн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих төслийг тус тус хэрэгжүүлж байна.
-Одоо хэрэгжүүлж буй “Залуус-1”, “Солонго 1, 2”, “Эко Яармаг-1” зэрэг төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Байршил нь хаана байх вэ, хэчнээн айлын орон сууц босох вэ. Төслийн явц ямар шатандаа яваа тухай?
-“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд төрөөс “Залуус 1, 2, 3” хорооллыг барихаар төлөвлөөд байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах “Залуус-1” 5,000 гаруй айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Морингийн давааны 57 га талбайд улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5,000 айлын орон сууцны цогц хороолол барих юм. Түүнчлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцаар иргэдийг хангах, яндангийн тоог багасгаж, Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах, нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн хангамжийг сайжруулах нэг чухал төсөл маань “Эко Яармаг-1”. Энэхүү төслийн хүрээнд 2,000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Үүнээс гадна, Хэнтий, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Архангай зэрэг аймагт төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төслүүд маань 2022-2026 онд хэрэгжинэ. Төслүүдийн ажлын явц 15 хувьтай байна. Үүнээс гадна “ТОСК” ТӨХХК эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл дээр “Hybrid house” компани, “ТоС” холбоо, Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн нутаг, Дэнжийн 1000-ын гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг хотхон барихаар ажиллаж байгаа. Гэр хороололд баригдаж байгаа эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхоны ажлын явц амжилттай үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Hybrid House” компани ажиллаж байгаа юм. Гэр хороолол дунд баригдаж буй эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны жишиг хотхон нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах хабрид технологийг нэвтрүүлсэн гэдгээрээ давуу талтай. Мөн хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй, хаус бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар шийдэгдсэн, 1-2 давхар амины орон сууц юм. Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй, эко сууцыг олноор нь барьснаар агаар болон хөрсний бохирдлоос ангижирах бүрэн боломжтой.
-Ер нь барилга байгууламжийг сууриа цутгаад л эхэлдэг юм шиг ойлгох хүн олон байна л даа. Орон сууцны хорооллыг босгохын тулд ямар ямар бэлтгэл ажлыг хангадаг юм бэ. Та энэ талаар тодорхой ойлголт өгөөч?
-Юуны түрүүнд барилга барих газрын зөвшөөрлөө авсан байх ёстой. Үүний дараа Архитектур төлөвлөлтийн даалгавар, Эскиз зураг батлуулах, Техникийн нөхцөлүүд авах, Гадна инженерийн 1 дүгээр хэлхээний шугам сүлжээний зураг төсөл боловсруулах шаардлагатай. Техникийн нөхцөлүүд гэдэгт цэвэр бохир ус, дулаан, цахилгаан, холбооны техникийн нөхцөлүүд багтана. Ажлын зураг хийлгэхэд барилга бүтээц, гадна цахилгаан, дотор цахилгаан, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, гадна цэвэр бохир ус, халаалт, дотор цэвэр бохир ус, халаалт, агаар сэлгэлт, бусад хуваарилах барилга, байгууламжийн зураг, эдийн засгийн тооцоо, инженер геологийн дүгнэлт зэргийг хийлгэнэ. Тухайлбал, “Солонго 1” төслийн талбайн инженер-геологийн нэмэлт судалгааны дүгнэлтээр ул хөрсний ус 2.8-17.2 метр илэрч, 2.5-15.5 метрт тогтсон тул төлөвлөж буй орон сууцны барилгын зоорийн давхрын байгууламжийн төлөвлөлтөд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулах ажлыг дахин хийж байна. Гэх мэтчилэн орон сууцны хороолол барихад суурь бэлтгэлийг маш сайн хангасны үндсэн дээр газар шорооны ажил эхэлнэ шүү дээ. Түүнээс биш ямар ч тооцоо судалгаагүйгээр тэр олон давхар орон сууцны барилгыг барьдаггүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй болов уу.
– Хөгжлийн банкны өрийн талаар мэдээлэл өгөөч. Зээлээр хэрэгжсэн төслүүдийн явц, үр дүн хэр байгаа вэ. Зээлээ хэрхэн төлж барагдуулах вэ?
-Засгийн газрын 2013 оны 263, 2014 оны 262 дугаар тогтоолуудын хүрээнд 2013-2015 онуудад хэрэгжүүлсэн “Буянт-Ухаа 1 хороолол”, “Буянт-Ухаа 2 хороолол”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” зэрэг төслүүдэд Хөгжлийн банкны зээлээр санхүүжилт хийсэн. Засгийн газрын 2015 оны 117, 2016 оны 60 дугаар тогтоолуудын хүрээнд “Шинэ яармаг хороолол” төсөл, барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор худалдан авалтыг санхүүжүүлэх зээлүүдийг “ТОСК” ТӨХХК-ийн нэр дээр авсан байдаг бөгөөд Хөгжлийн банкнаас 2013-2016 онуудад нийт 111.9 тэрбум төгрөгийн, 93.0 сая ам.долларын зээлийг авсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 245.0 тэрбум төгрөгийн зээл, 69.0 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 313.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн өрийн үлдэгдэлтэй байгаа. Зээл, хүүний төлбөрт нийт 205.7 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд төлсөн. Зээлээр хэрэгжсэн төслүүдийн тухайд, 2014-2015 онд “Буянт-Ухаа 1 хороолол”, “Буянт-Ухаа 2 хороолол”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслүүдийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 4,739 айлын орон сууц, 820 дулаан авто зогсоол, 120 хүүхдийн 2 цэцэрлэг, 240 хүүхдийн 1 цэцэрлэгийг ашиглалтад хүлээлгэн өгч иргэдийг орон сууцжуулсан. Мөн Засгийн газрын 2016 оны 38, 169 дүгээр тогтоолуудын дагуу нийт 1,289 айлын орон сууцыг “Түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлж, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулсан. Одоогоор 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ын хүрээнд түрээсийн орон сууцыг өмчлөх үйл ажиллагааг явуулж байна. Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдсан нийт 1,289 иргэний сар бүр төлдөг мөнгө нь Хөгжлийн банкны зээлийн хүүнд төлөгдөж байдаг юм. Цаашид түрээсийн болон борлуулалтын орлого, авлагаас зээлийн хүүгээ төлөөд явна. Мөн Засгийн газрын 2013 оны 263, 2016 оны 38,169, 2017 оны 48 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлсэнээр дээрх өр төлбөрийн асуудал бүрэн шийдэгдэх боломжтой.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин /2022.03.31/