“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд барилгын компаниуд оролцохооргүй болж, төрөөс барилга барих ажлыг зөвхөн төрийн Орон сууц санхүүжилтийн корпорацийн мэдэлд шилжүүлжээ гэх буруу ташаа ойлголт барилгын салбарынханд очиж тэднийг бухимдуулахад хүргэжээ.
Энэ талаар үнэн зөв байдал, орон сууцны зээлийн хүү зургаан хувь болгох асуудал, долдугаар хорооллын ажил зэрэгт Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлангаас дараах тодруулгуудыг авлаа.
-Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” буюу “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжих гээд эд яригдаж байна. Гэтэл Засгийн газрын өмнө хэрэгжүүлж байсан “40 мянган айлын орон сууц”, “Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” хөтөлбөрийн гүйцэтгэл ямар байна вэ?
-2007 оноос хойш ОССК нийтдээ зургаан мянга орчим өрх буюу 20 гаруй мянган иргэнийг орон сууцжуулсан байна. “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ОССК-ийн санхүүжилтаар 2100 айлын орон сууцны санхүүжилт хийсэн. Бид Засгийн газрын бондын хөрөнгөөр энэ орон сууцнуудыг санхүүжүүлсэн байгаа. Харин хувийн хэвшлийнхэн
“40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулан өнөөдөр иргэд дийлэнхийг нь худалдаж авсан байна. “40 мянган айлын орон сууц хөтөлбөр” мэдээж алдаа оноо байсан байх. Шууд эхээс төрөөд эрдэмтэн, мэргэд болдог хүн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр Монгол улсын түүхэнд анх удаа Засгийн газар орон сууцны хөтөлбөр зарласан явдал болсон. Маш олон компани энэ хөтөлбөрийн хүрээнд барилгын салбар руу орж, барилгын салбарыг сэргээсэн, идэвхжүүлсэн. Мэдээж Засгийн газраас барилгын материалын НӨАТ, гаалийн татвар, ажиллах хүчний бодлого гээд олон зүйл дээр дэмжлэг үзүүлсэн байдаг.
“Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” хөтөлбөрийн тухай л ярихад Монголын түүхэнд ийм богино хугацаанд моргейжийг ийм олон өрхөд өгч байсан удаа байхгүй. Үүгээрээ бид зах зээлд бас нэг дохио өгсөн. Бага хүүтэй зээл өгч, шат дамжлага, хүнд сурталгүй ажиллаж болдгийг харуулсан гэж боддог.
Өнөөдрийн байдлаар 3100 төрийн албан хаагчийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаад шинэ орон сууцандаа ороод байна. Эдгээр өрхөд багш, эмч, цагдаа гэсэн төрийн жирийн албан хаагчид түлхүү хамрагдсан. Энэ бол Монгол орон даяарх төрийн албан хаагчдыг хамарсан чухал хөтөлбөр болсон.
Цаашдаа сайжруулах зүйлс зөндөө бий. Зах зээлийн жамаар хөгжих ёстой. “100 мянган айлын орон сууц” буюу Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр одоо л хэрэгжиж эхлэх гэж байна. Засгийн газраас хөрөнгө гаргах асуудал эд яригдаж байгаа.
-3100 хүн орон сууцны зээлд хамрагдсан байна. Үлдсэн 900 хүн нь энэ ондоо багтаж зээлээ авах уу?
-Үлдсэн хүмүүсийнхээ эх үүсвэрийг захиалчихсан байгаа. УИХ-аас шийдвэр гармагц Засгийн газар бонд гаргаад эх үүсвэр орж ирнэ.
-ОССК-ийн хөдөө, орон нутагт бариулсан орон сууцны тухай тодруулахгүй юу. Энэ талаар иргэд сайн мэдэхгүй байх.
-2007-2008 онд Засгийн газраас 28,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж орон сууц бариулсан. Сүүлийн 40 жилийн хугацаанд огт барилга баригдаагүй аймагт хүртэл бид орон сууц барих санхүүжилт хийлээ.
Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн орохоос зүрхшээдэг, хүндрэлтэй, тээврийн зардал ихтэй тийм аймгуудад ОССК орон сууц бариулсан. Жишээ нь Завхан, Говь-Алтай гэх мэт. Хувийн хэвшлийнхэн очиж ажиллахаар ашиг харагддаггүй тийм бүс нутгуудад бид тохилог орон сууц бариулсан. Өнөөдөр ОССК-ийн санхүүжүүлсэн барилга 21 аймагт байна. Гэхдээ эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид өөрсдөө хүрз бариад дайраагүй. Дандаа Монголын барилгын компаниудаар энэ барилгуудыг захиалж бариулсан байгаа. Дээрээс нь дээрх байрнуудын үнэ харьцангуй бага бөгөөд эдгээрийг бид дандаа бага, дунд орлоготой иргэдэд зээлээр өгч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцнуудыг хэн барих вэ, хэн санхүүжилтийг хийх вэ зэрэг олон асуудал яригдаж байна. Барилгын салбарын уулзалтууд дээр ч хувийн хэвшлийнхэн ОССК байр барихаар болсон байна гэж нэлээд бухимдаж байсан. Үүнд бүр Ипотекийн корпораци танай хоёрыг ч нэлээн хольж хутгаж ярьж байсан.
&nbs
p; -Ойлголтын зөрүү л байх шиг байгаа юм. Ипотекийн корпораци зөвхөн хоёр дахь зах зээл дээр ажилладаг. Орон сууц барьдаггүй, иргэнд зээл өгдөггүй, орон сууцыг санхүүжилдэггүй зөвхөн хоёр дахь зах зээл дээр ажилладаг. Бий болсон урт хугацааны зээлд ажилладаг газар. Өөрөөр хэлбэл, зах зээлд бий болсон моргейжийн зээлүүдийг багцалж худалдаж аваад үнэт цаасжуулаад эргээд банкуудыг санхүүжүүлдэг байгууллага. ОССК-ийн хувьд бага, дунд орлоготой иргэдэд Засгийн газраас явуулсан бодлогыг хэрэгжүүлдэг. Иргэдэд зориулсан орон сууц бариулахад санхүүжилт хийдэг, худалдан авагчдыг зээл авахад нь санхүүжүүлдэг. Бид бол эхний зах зээл дээр ажилладаг гэсэн үг.
ОССК-ийн зээл олгосон төрийн албан хаагч иргэд арилжааны банкинд очсон бол тэдний 70, 80 хувь нь орон сууцны зээлд хамрагдах шаардлага хангахгүй гээд буцах магадлалтай хүмүүс байсан. Мэдээж эдгээр иргэд бол зээлийн эргэн төлөлт эрсдэлтэй хэсэг. Гэхдээ төрөөс ийм арга хэмжээ явуулахаас өөр аргагүй. Зөвхөн онолоор зэвсэглэсэн хүмүүсийн яриагаар бол дээрх иргэд орон сууцны зээл авахад маш их эрсдэлтэй, эргэн төлөлтийн чадвар муу байх магадлалтай хүмүүс байдаг. Харин ОССК-иас зээл авсан жирийн төрийн албан хаагч эмч, сувилагч, цагдаа, багш нар зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хамгийн сайн гүйцэтгэж байна. Тэгэхээр бодит байдал дээр амьдрал, онол хоёрын дунд айхтар том зөрүү байна
-Яг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухайд танайх ямар байр суурьтай оролцох вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайдын Сингапур улсад айлчлах үеэр бид хамт явж тус улсын туршлагыг судалсан. Сингапурын орон сууцны асуудал хариуцсан төрийн зохицуулалттай зээл гаргадаг HDB гээд байгууллага байдаг. Тус байгууллага 100 хувийн санхүүжилтийг барилгын компанид өгч захиалгаар орон сууц бариулаад, орж байгаа иргэдэд өөрөө зээл өгдөг, түрээсээр байлгах иргэдээ өөрөө зохицуулдаг газар юм. Сингапурт мэдээж арилжааны банкууд олон байдаг. Гэтэл Сингапурын төр бага, дунд орлоготой иргэддээ өөрөө зээлээ өгдөг, барилгаа бариулдаг байх жишээтэй. Мөн АНУ-ын сонгодог зах зээлийн туршлага ч байна. Мэдээж төрөөс гарцаагүй харж үзэхээс өөр аргагүй хэсэг гэж бий. Тэгэхээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бидний хэрхэн ажиллах статус яг тодорхой болоогүй.
-Одоо иргэдийн хамгийн их сонирхлыг татаж байгаа зүйл бол Долдугаар хорооллыг барих ажил. Энэ ажилд ОССК анхлан оролцож байсан. Ер нь иргэдийг нүүлгэн шилжүүлнэ, тохиролцоно гэдэг яггүй ажил бололтой.
-Энэ ажилд бид жилийн өмнөөс оролцож эхэлсэн. Тухайн үед хөрөнгө, мөнгөний бололцоо ч бага байсан. Гэхдээ бид 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн. Одоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажлыг үргэлжлүүлээд хийж байгаа. Тэр нь ч зөв байх. 20 гаруй айлтай манай залуучууд гэхэд жил гаруйн хугацаанд тохиролцож байж нүүлгэн шилжүүлсэн байх жишээтэй.
-20 айлыг нүүлгэсэн газарт хэчнээн айлын орон сууц босох вэ?
-Тэнд 300 орчим айлын орон сууц босох ёстой.
-Айлуудын газрыг чөлөөлөх тал дээр яг тулж ажилласаны хувьд долдугаар хорооллын барилгын ажлууд хэзээнээс эхлэх бол?
-Айлуудыг нүүлгэн шилжүүлэх тал дээр асуудал нэлээн тулгарна л даа. Цаг хугацааны хувьд хэлэхэд хэцүү. Социализмийн үед бол айлуудыг хүчээр нүүлгэж байсан бол одоогийн зах зээлийн үед айлууд маш их мөнгө нэхдэг юм билээ. Тэгхээр айлуудаа ямар хугацаанд нүүлгэхээс хамаарч л ажил урагшилна гэсэн үг. Ер нь газрыг эргүүлэн авах тухай хууль л хэрэгтэй байгаа.
-Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгох чиглэл гаргасан. Энэ шийдвэр амьдрал дээр хэзээ биеллээ олох вэ гэж иргэд их асууж байгаа. Түүнээс гадна энэ шийдвэр биеллээ оллоо гэхэд ОССК-аас жилийн найман хувийн хүүтэй зээл авсан хүмүүс зургаан хувь руу нь шилжүүлэх боломжтой эсэх талаар иргэд их асуулт ирүүлж байна.
-Одоогоор Засгийн газрын чиглэл л гарсан. Монгол улсын шадар сайд М.Энхболд даргын ахалсан ажлын хэсгийн түвшинд яригдаж байна. Нөгөө талаар бид худалдан авагч талаа хэт дэмжээд санхүүжүүлээд байхаар зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүснэ. Өөрөөр хэлбэл байр худалдан авах чадвартай олон хүн болчихдог гэтэл тэдэнд нийлүүлэгдэх хэмжээний байр байхгүй бол зах зээл дээр байгаа цөөхөн хэдэн байрны үнэ өсөх магадлалтай. Тэгэхээр төрөөс нийлүүлэлтийг буюу барилгажилтыг нь бас дэмжих хэрэгтэй болж байгаа. Зарим хүн эрэлт т
алыг илүү дэмж гэдэг. Гэтэл эхлээд авах байрыг нь бэлдэх хэрэгтэй шүү дээ.
-Зарим иргэн төрөөс олгож байгаа орон сууцны зээлд хуучин байрнуудыг хамруулах санал тавиад байгаа. Шинэ байр хэтэрхий үнэтэй. Тиймээс хуучин байр худалдаж авъя гээд байна?
-Тийм санал зөндөө ирдэг. Гэтэл яг үнэндээ хуучин байрнууд орон сууцны үнийг барьж байгаа гэж хэлж болно. Шинэ орон сууцны үнэ өсөх гээд байдаг. Гэтэл нөгөө талд нь хуучин байрны үнэ хямд байхад түүнээс хамаагүй үнэтэй болж болохгүй байна. Түүнчлэн төр засаг шинэ орон сууцны тоог нэмэх гээд байдаг нь утаа, хот тохижилт гээд олон зүйлтэй холбоотой. Хуучин байр худалдан авахыг дэмжчихвэл арай хийж байртай болсон зарим иргэд маань байраа зараад эргээд гэр хороололд очих магадлалтай. Зарим иргэн хуучнаа зараад илүү сайхан шинэ байр авна гэдэг. Энэ бол иргэдэд угаасаа нээлттэй байгаа асуудал. Ер нь төр засгийн орон сууцны салбарт оролцож байгаа гол зорилго нь бага орлоготой иргэдэд төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай хэсгийг дэмжих зорилготой.
Иргэдэд байранд орохоос урьтаад хүүхдийн сургалтын төлбөр, хоол хүнсний мөнгө гээд бэлэн мөнгөний эрэлт, хэрэгцээ маш их байгаа. Тэгэхээр хуучин байрыг хөтөлбөрүүдэд хамруулвал, иргэд хуучин байраа зараад шинэ байранд орох нь зуугийн 50 хувь нь л байна байх.