Барилгын салбар үүсч хөгжсөний 85 жилийн түүхт ой өчигдөр тохиосон юм. Ойн арга хэмжээ Барилгачдын талбай дээр эхэллээ. Уламжлал ёсоор оны шилдэг арван барилгын нэрийг зарлаж, тугийг нь Барилгачдын талбай дээр залсан юм. "Bridge", "Цамхаг", "Суруга Монгол", "MCS" зэрэг арван компани шилдгээр тодорсон. Барилгын салбар хөгжлийнхөө шинэ шатанд ирж, их бүтээн байгуулалтын ажлаар ойгоо угтаж байна хэмээн дүгнэж байв. Шинэ техник технологи нэвтрүүлсэн уран хийцтэй барилга, орон сууцууд богино хугацаанд сүндэрлэж байгаа нь улс орны эдийн засаг, ард түмний амьдрал, бусад салбаруудын хөгжилд ч нөлөөлж байгааг энэ үеэр онцолж байлаа.
Шилдэг барилгын эзэд болсон барилгын компаниуд тэндээс хар өнгийн машинаар ижилсэн, цуваагаардараагийн арга хэмжээ рүүгээ хөдөлсөн юм. Энэ үед "Мишээл экспо" төвд "Барилга Экспо-2011" үзэсгэлэн яармаг нээлтээ хийхээр бэлтгэлээ хангасан байлаа. Үзэсгэлэнд барилгын компаниуд, барилгын материалын үйлдвэрүүд, банк санхүүгийн байгууллагууд гээд нийтдээ 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж байна. Голдуу удахгүй ашиглалтад орох шинэ сууцууд байсан юм. Үнийн хувьд дунджаар нэг метр квадрат нь нэг сая 400 мянган төгрөгийн үнэтэй аж. Байршил, хийц, загвараасаа шалтгаалан нэг метр квадрат нь хоёр сая 800 мянган төгрөг ч хүрч байв.
Энэ удаагийн үзэсгэлэнд Тайвань, Хонконг, Швейцарийн арав гаруй барилгын компани оролцож байгаа гэнэ. Дэлхийн нэр хүндтэй эдгээр компани манай улсад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, дэвшилтэт технологи бүхий барилга, орон сууцууд барихаар болжээ. Тухайлбал, Швейцарийн барилгын компани өөрөөсөө бүх эрчим хүчээ гаргадаг, байгальд хоргүй барилга барих санал дэвшүүлээд байгаа аж. Дулаанаа удаан хадгалж, өөрөөсөө цахилгаан, дулаан, цэвэр бохир усаа гаргаж боловсруулдаг хэмнэлттэй орон сууц барих аж. Сүүлийн үед барилгын салбарын дэлхий нийтийн чиг хандлага байгальд хоргүй, хэмнэлттэй орон сууц барихад чиглэгдэж байгаа гэнэ. Манай барилгачид ч гэсэн энэ тал дээр анхаарлаа хандуулж байгаа гэсэн. Энэ сарын дундуур Герман улсын Берлин хотод "Ногоон барилга" олон улсын үзэсгэлэн болох гэнэ. Энэ үзэсгэлэнд манай улсын 100 гаруй барилгачид оролцож туршлага судлахаар явах юм байна. Мөн үл хөдлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хонконг улсын компани манайд өөрийн салбараа нээхээр болжээ. Улаанбаатар хотын А зэрэглэлийн оффис цамхаг барихаар хөтөлбөреө хэрэгжүүлж эхэлсэн байна.
Монголын барилгын холбооны захирал Б.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр барилгын салбар хөгжлийнхөө ямар үед ирсэн гэж тодорхойлох вэ?
-Монголын барилгын салбар үүсч хөгжөөд 85 жил болжээ. Энэ хугацаанд барилгын салбар хөгжлийнхөө сэргэлт, уналт бүгдийг нь тууллаа. Өнөөдөр барилгын салбар хөгжлийнхөө шинэ үед ирээд байна. Зөв гольдролоороо хөгжиж байна гэж тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл, их бүтээн байгуулалтын эзэд гэсэн алдар нэрээ эргүүлж олж авах цаг нь ирлээ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах их ажилд гар бие оролцох гэж байна, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх том ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад эхэлчихсэн . "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр Монголын барилгын салбарт маш их ач холбогдолтой юм. Барилгын салбарт төдийгүй, бусад салбарт ч өндөр ач холбогдолтой түүхэн үе гэж дүгнэх хэрэгтэй.
-Энэ хөтөлбөр өмнө нь хэрэгжсэн "4000 айлын орон сууц" хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?
-"4000 айлын орон сууц" хөтөлбөрөөс зарчмын хувьд ялгаатай. "4000 айлын орон сууц"-ыг дунд, чинээлэг амьдралтай иргэдэд зориулсан учраас тухайн зах зээлийнх нь үнээр борлуулж байсан. Харин "100 мянган айлын хөтөлбөр"-ийг жирийн хөдөлмөрчид, бага, дунд орлоготой иргэд, залуучуудад зориулах юм. Төрөөс нэг жилийн 4-6 хувийн хүүтэй, 30-40 жилийн урт хугацаатай зээл олгож ард түмэнд хөнгөлөлт үзүүлнэ. Энэ их бүтээн байгуулалтын ажлыг Монголын барилгачид барина. Монголын барилгачид нэгдэж ашгийн төлөө хөөцөлдөхгүй ард түмэндээ зүтгэх болно. Их бүтээн байгуулалтын хүрээнд барих орон сууцыг нэг метр квадратыг нь 600-700 мянган төгрөгийн өртгөөр барьж өгнө. Бид өмнө нь 600-700 мянган төгрөгийн зардал гаргаж барьсан орон сууцаа эргүүлээд гурав нугалж борлуулдаг байсан бол энэ хөтөлбөрийн хүрээнд ийм байдлыг хаасан гэж ойлгож болно.
-Барилгы
н мэргэжилтэй хүн эрэлт ихтэй болсон гэсэн?
-Монголын ард түмэндээ зөвлөхөд, үр хүүхдээ барилгачин болгооч ээ гэж хэлмээр байна. Энэ урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хамгийн их ажлын байраар хангагдсан салбар барилга байх болно. Барилгын салбарын мэргэжил болгон нэг сая, түүнийс дээш төгрөгийн цалинтай болно.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай барилгын компаниудын хүчин чадал хүрэх үү?
-Хүчээ нэгтгэвэл хүрнэ. Монголын барилгын холбоо, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын хэрэгжүүлжгч агентлаг хоорондоо гэрээ хийсэн байгаа. Одоо манай барилгын салбарт 2200 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Их бүтээн байгуулалтын ажилд эдгээр аж ахуйн нэгжүүдийг хүн хүчээр нь нэгтгэж хэсэг хэсгээрээ групп маягаар ажиллах юм. Эхний ээлжинд 300-400 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хэлбэрт ороод байна. Дор хаяж арван компани хамтарч ажиллаж, хүн хүч, техник, машинаараа нэгдвэл, "100 мянган айлын" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын барилгын компаниудын хүчин чадал хангалттай хүрнэ.
-Орон сууцны үнийн өсөлтөд юу нөлөөлж байна вэ. Их бүтээн байгуулалтын ажил эхлэхэд орон сууцны үнэ буурах уу?
-"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургаар орон сууц авах хүмүүсийн эрэлт нэлээд өслөө. Одоо зах зээл дээр "400 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барьсан 2000 гаруй айлын орон сууц байна. Орон сууцны нийлүүлэлт бага гэж ойлгож болно. Энэ агшинд орон сууцны үнэ нэмэгдээд байна. Ирэх жилээс "100 мянга" , "30 мянган" айлын орон сууц зэрэг зэрэг баригдаад ирэхээр орон сууцны үнэ тогтворжино.
-Барилгын материалын хангалт, үнийн асуудалд ямар арга хэмжээ авах вэ?
-Ирэх жилээс барилгын материалын үйлдвэр олноороо баригдана Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг голдуу барилгын салбарт олгохоор болсон. Гадаадаас орж ирж байгаа барилгын материалын үнэ ч тогтворжих байх. Ер нь миний харснаар нэг, хоёр жилийн дараа орон сууцны үнэ нэг метр квадрат нь 650-700 мянган төгрөгт багтаж тогтворжино гэдэгт итгэлтэй байна. Орон сууцны үнэ нэмэгдэж байгаа нь түр зуурын үзэгдэл юм.
-Шинэ ямар технологи нэвтэрч байна вэ?
-Одоогоор манай шинээр бүрэн цутгамал буюу карказан хэлбэрийн барилга ноёрхож байна. Улаанбаатар хотын хэмжээний барилгын чанар, аюулгүй байдлыг шалгадаг том лаборатори барьж байна. Аймгуудыг ч бас лабораторитой болгох гэж байна. Тэгэхээр гадаадаас орж ирж байгаа арматур, цемент гэх мэт гол гол барилгын материалын чанарыг шалгаж, чанаржуулах юм. Ингээд ирэхээр барилгын чанар сайжирна. Хамгийн түрүүнд хяналтаа л сайжруулах хэрэгтэй байгаа юм. Ирэх 2012 оны наймдугаар сар гэхэд хэд хэдэн барилгын материалын лаборатори ашиглалтад орчих байх.
Х.Цэнд