Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.10.24/-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа. БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга шуурхай хуралдаанд танилцуулав.
Өнгөрсөн 14 хоногт салбарын хэмжээнд Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх талаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмыг үндэслэн дүгнэлт гарган, албан бичиг хүргүүлсэн, Монгол улс, БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг хот байгуулалт”-ын төсөл хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрийг эхлүүлж, шуурхайлах гэх мэт бодлогын томоохон ажлууд дээр төвлөрч ажилласан байна.
Ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар танилцуулга мэдээллийн дараагаар БХБЯ-ны төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц болон хэрэгжилтийн талаар төслийн нэгжийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Үүнд: “Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны хорооллын төслийн нэгжийн захирал Д.Од барилгын ажлын явц зоорийн давхаруудаа бүрэн цутгаж дууссан, 4 блок байрны нэг давхаруудын цутгалтыг хийж дуусгаад, хучилтаа аваад 3-р сар хүртэл ажлаа түр зогсоож, ирэх оны бэлтгэл ажлуудаа хангахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв.
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн захирал Т.Болорчулуун барилгын ажлын явц 65 хувьтай буюу цэвэрлэх байгууламжийн анхдагч болон гүн цэвэрлэгээний тунгаагуур, биореактор, механик засварын барилга, гаргалгааны шугам, цэвэр усны шугамын ажлууд явагдаж байгаа талаар мөн ажлын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
“Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3388, МОН-3713 төсөл”-ийн захирал Б.Оюун Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудын төвийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусган, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөөд байгааг, Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжилнэ, Сүхбаатар аймгийн төв, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум болон Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийн цэвэрлэх байгууламж дээр 11-р сард техникийн комисс ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байгаа, Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламжийн хувьд агааржуулалтын систем дээр нэмэлт ажил гарсан талаар мэдээлэв.
“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төсөл, мөн “Дархан хотын цэвэр усны сүлжээг өргөтгөн шинэчилж, ухаалаг тоолуур нэвтрүүлэх” төслийн нэгжийн удирдлагууд ажлаа танилцуулж, цаашид анхаарах ажлуудынхаа хүрээнд мэдээлэл тавилаа.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс гарч байгаа санал хүсэлтүүдийг шуурхай хуралдаанд танилцууллаа. Мөн зарим аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байрны асуудал хүндрэлтэй байгаа талаар мэдээлж, саналаа хэлэв.
Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд дэд сайд Э.Золбоо газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
- Төсөл бүр дээр ажлаа дүгнээд ирэх жилийн бэлтгэлээ эртнээс хангаж, цементийн үйлдвэрүүдтэй тоо хэмжээгээ тохирч, графикаа гаргаад гэрээ байгуулж ажиллах, өвлийн улиралд ч татан авалтуудыг хийж, ирэх оны ажлуудаа эрт эхлүүлэх,
- Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр шинээр орж буй зохицуулалтууд, гарах үр дүн, ач холбогдлын талаарх боловсронгуй харьцуулалттай мэдээллийг бэлтгэх,
- Дотоод орчны будгийн асуудлаар ойрын хугацаанд зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Тухайлбал: 2023 оны эхнээс Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн будгийн ажлыг явуулахад Барилгын хөгжлийн төвөөс тохирлын гэрчилгээ авч байх, тус төв будгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хортой будаг ашиглуулахгүй байхад онцгой анхаарч ажиллах,
- Норм ба дүрэм дээр үзлэг хийх ажлын хэсгийн хуралдаанд үзлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналаа яаралтай бэлтгэн танилцуулах,
- Барилгын нэгдсэн мэдээллийн сан “BIM” системийг нэвтрүүлэх чиглэлийн хүрээнд санхүүжилтийн асуудлуудыг хурдлуулах саналууд гарсантай холбоотойгоор холбогдох бэлтгэл ажлуудаа түргэтгэх,
- Салбарын өвөлжилтийн бэлтгэлээ шуурхайлж, ирэх оны ажлынхаа бэлтгэлүүдийг дор бүрнээ хангаж, нарийн тооцоо төлөвлөгөө гарган танилцуулах.