Иргэдийн түрүүч нь өнөөдрөөс 6 хувийн хүүтэй зээлээ авч эхэллээ

Монгол улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Аль ч Засгийн газар урьд өмнө нь ийм боломж олгож байгаагүй бөгөөд тэр хэмжээгээр хүндрэл бэрхшээл гарч байгаа ч  Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, УИХ-ын бодит дэмжлэгтэйгээр бидний ажил эрчимтэй явагдаж байна. Олон нийтийн зүгээс барилгын үнэ хэт өндөр байна, зээлэнд тохирох барилга олдохгүй байна, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй  байна гэсэн шүүмжлэлүүд гарч байгааг бид анзаарч байна. Орон сууцны үнийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газраас явуулах бодлогыг бид урьдчилан тодорхойлж, энэ дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргаж байгаа. Маргааш болох барилгын удирдах ажилтны зөвлөгөөнөөр энэ тухай ярилцаж, тодорхой гарцыг олох болно  хэмээн Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тус зөвлөгөөнд зориулсан “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрт хамрагдсан орон сууцны мэдээллийн нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын тэргүүн ийн тэмдэглэсэн бөгөөд аливаа ажил  бодитоор эхэлнэ гэдэг хамгийн чухал болохыг дурьдсан юм. Хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны хорооллуудын болон барилга объектуудын газрын асуудлыг Улаанбаатар болон орон нутагт үндсэнд  нь шийдэж, орон сууцны барилгыг барих гүйцэтгэгч байгууллагуудыг хөтөлбөрт хамруулах, тэдэнд Засгийн газраас хэд хэдэн чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх, барилгын материалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буйг ч тэмдэглэлээ. Хамгийн хүндрэлтэй асуудлын нэг болох иргэдэд үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан бага хүүтэй зээл олгох, хүүний хөнгөлөлтийн зөрүүг Засгийн газраас хариуцаж төлөх хөрөнгийн эх үүсвэрийн эхний ээлжийг шийдвэрлэснээр иргэдийн түрүүч нь зээлээ авч эхэлж байгааг Ерөнхий сайд энэ үеэр дуулгасан нь  хамгийн сайхан мэдээ байлаа. Маргааш болох барилгын удирдах ажилтны зөвлөгөөнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч  байгааг ч онцоллоо. “100 мянган айлын орон сууц” мэдээллийн үзэсгэлэнд тус хөтөлбөрт хамрагдсан орон сууцны төслүүд, банк санхүү даатгалын  зэрэг 70 гаруй компани, байгууллагууд  мэдээллээ дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэн нь орон сууц худалдан авагчдад орон сууцны байршил, архитектур төлөвлөлт, дэд бүтэц, тохижилт, үнийн талаар тодорхой мэдээллийг өгч , иргэд сонголтоо хийхэд нь туслах зорилготой юм байна.  Барилгын гүйцэтгэгч , архитектур, зураг төслийн, барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд ч гэсэн энэ үзэсгэлэнгээс тодорхой мэдээлэл авч хөтөлбөрт оролцох оролцоогоо нэмэгдүүлэх арга замыг  ч хайж болох нь. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөр амьдралд бодит зүйл болж байгаагийн нэг хэлбэр нь энэ арга хэмжээ болж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь цөөн хэдэн компаний асуудал биш, бид бүгд өөрсдийн чиглэлээр хувь нэмрээ оруулж, хамтран шийдвэрлэх нь  илүү үр дүнтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн эцэст нь  тэмдэглэлээ.  Энэ хөтөлбөр нь иргэдийн хүсэн хүлээлтийг хангасан хөтөлбөр байгаасай гэдгийг  Ерөнхий сайд онцлоод, монгол айл бүр тохилог сайхан орон сууцтай болохын ерөөлийг дэвшүүллээ. Мэдээллийн нэгдсэн үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply