Шинэ орон сууцны үзэсгэлэн худалдаа “Шинэ орон сууц-2011” нэртэйгээр өнгөрсөн баасан гаригт МҮЭСТӨ-д нээлтээ хийсэн. Орон сууц шинээр авахыг хүссэн хүнд зориулсан бүх төрлийн үйчилгээ энд байгаа гэж зохион байгуулагчид хэлж байсан. Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр өнгөрсөн бямба гаригт байр сонирхож буй иргэдийг автобусаар байр үзэх аялал ч зохион байгуулсан юм.
Шинэ орон сууцны барилга, амины орон сууц болон үл хөдлөх хөрөнгө зуучлал, даатгалын компани зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дор иргэдэд хүргэсэн уг үзэсгэлэн гурван өдрийн турш болж өндөрлөсөн юм. Шинэ орон сууцны экспогийн ерөнхий зохион байгуулагчаар барилгын мэдээллийн “Координат инфо” төв ажиллаж байгаа бол Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран зохион байууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Барилгын ассиоцийн дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуун болон ХААН банкны, бизнес харилцаа харицуцсан дэд захирал Д.Батсайхан болон бусад төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “100 мянган айлын орон сууц” барих талаар танилцуулж, орон сууцны талбайн хэмжээг хэрхэн зөв хийж сурах, орон сууцны зээл авахад анхаарах зүйлс гээд шинэ байртай болох хүнд хэрэгтэй бүх төрлийн зөвлөгөө мэдээллийг өгч байсан юм.
Уг үзэсгэлэнд нийт 40 гаруй байгууллага оролцож байгаагаас 32 барилгын компанийн 37 хотхон, хороолол, дөрвөн банк орон сууцын зээлийн үйлчилгээгээ танилцууллаа. “Координат Инфо ХХК”-ийн явуулсан судалгаагаар энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд 22 мянга 400 айлын орон сууц баригдаж байгаагийн 30 хувийнх нь барилгын ажлын явц 30-40 хувьтай байгаа бол 50 орчим хувь нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, 22 мянга 400 орон сууцны 50 хувь буюу 10 орчим мянган айлын орон сууц энэ онд бүрэн ашиглалтад орох гэнэ. Барилгуудын нэг метр квадратын үнийн тухайд сонирхуулахад, зах зээлд байгаа нийт орон сууцны зургаан хувь нь нэг сая төгрөгөөс доош үнэтэй байгаа бол 30 хувь нь 1,4-2,0 сая төгрөгийн үнэтэй, 10 хувь нь 2 сая төгрөгөөс дээш үнэтэй байрнууд байдаг ажээ.
Шинээр ашиглалтанд орж буй барилгууд нь хамгийн бага дүүргийн үнэтэй нь нэг метр квадрат нь 870 мянган төгрөг бөгөөд Сонгинохайрхан Ханын материалын эцэст байрлалтай бол хамгийн үнэтэй нь 2200 доллар бөгөөд тус дүүргийн нэгдүгээр хороо, “Найрамдал” зуслан явах замд буюу Баянголын аманд байрладаг аж. Барилгын үзэсгэлэнг олон хүн үзэж сонирхож байгаа бөгөөд сүүлийн үед иргэд орон сууц ихээр сонирхож байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Иргэн Г.Болор “Бид залуу хүмүүс болохоор шинэ орон сууц судалж байгаа юм. Өнөөдрийн энэ үзэсгэлэн бидэнд хэрэгцээтэй мэдээлэл ихтэй болж байна. Бид хотын төвд байр сонирхлоо. Өмнө нь байрны үнэ сонирхож байхад үнэ нь гайгүй байсан.
Одоо харин нэмэгдсэн харагдаж байна. Залуу гэр бүлийг дэмжсэн хөнгөлөлт зээл байвал их зүгээр байна. Хотын төвд сохирхсон байрууд нэг метр квадрат нь дунджаар нэг сая 300 мянгатай байна” гэж байсан. Харин олон жил гэр хороололд амьдарсан гэх С.Наранцацрал хэлэхдээ “Гэр хорооллын утааг багасгана гэж яриад байгаа. Утааг багасгахын тулд орон сууцжуулах ажлыг дэмжих хэрэгтэй. Энд банкны үйлчилгээ нь байна. Хүмүүсийг шинэ байртай нь танилцуулж байна. Гэр хороололд амьдардаг бид ч гэсэн утаанаас салмаар байна. Тиймээс байр сонирхож явна. Өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадлаа. Харин жаахан үнэ нь өссөн юм шиг санагдаж байна” гэж байсан юм. Иргэдийн хэлж буйгаар бол байрын үнэ өссөн байна гэдгийг хэлж байсан. Барилгын компаниуд хэлэхдээ байрны үнэ 15-30 хувиар өссөн. Шалтгаан нь барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой гэнэ лээ.