Тэргүүн шадар чацарганы баяраа тэмдэглэнэ

    Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг гурав дахь жилдээ чацарганы баяраа тэмдэглэх гэж байна. Жил бүрийн есдүгээр сард уламжлал болгон тэмдэглэдэг “Хаан жимс”-ний баяр энэ жил ирэх бямба гаригт болохоор товч гарчээ. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд үр ашгаа ч харамгүй өгдөг энэ жимсийг Тэргүүн шадар сайд “Хаан жимс” хэмээн нэр өгсөн нь эдүгээ олны хүртээл болж, эрхэм сайд өөрөө ч “Чацарганачин сайд” хэмээх нэрийг хүртсэн.

     Ямартай ч Улаанбаатарын ойролцоо чацаргана тарьж, түүнийгээ түшиглэн амралтын бааз байгуулсан Н.Алтанхуяг сайд энэ жилийнхээ чацарганы баярыг уламжлал ёсоор Морин хуурчдын сонгодог аян дор эхлүүлж, жил жилийн сюрпризээс энэ жил баярт оролцогчдын дунд зохиох уралдаан, шагналын сангаараа оролцогчдод өвөрмөц сюрприз барихаар болжээ. Хаан жимсний баярт оролцохыг хүссэн хэн боловч ирэх бямба гаригт Улаанбаатар хотоос 50-иад км зайд орших “Цонжинболдог”-ийн цаахна Туулын эрэгт баярлах “Хаан жимс” жуулчны баазад очсоноор бааз руу орон ортол үргэлжлэх чацарганы бутнаас, залхуурвал бутны хажууд бэлээхэн түүж тавьсан сав дүүрэн шаргалтах “Хаан жимс”-нээс ханатлаа идчихээд баярын үйл ажиллагаанд оролцох боломжтой гэнэ.

     Энэ үеэр мөн уламжлал ёсоор чацаргана түүх уралдаанд оролцож түүсэн жимсээ гэртээ авч харих боломжтой. Түүнчлэн 100 чацарганы бутыг энэ үеэр зохиогдох тэмцээн уралдаанд оролцогчдод бэлэглэх юм. Тиймээс та энэ өдөр баярт оролцохоос гадна “Хаан жимс”-ийг ханатлаа идэж гэртээ ч мөн жимстэй, чацарганы суулгацтай харих боломж байна шүү.

Leave a Reply