Орон сууцны үнийн талаар ОССК, ШӨХТГ, хамтран ажлын хэсэг байгуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн судалгаа явуулсан билээ. Судалгааны дүн гарч, өнөөдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ.
Судалгааг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд явуулсан бөгөөд орон нутагт Засгийн газрын бондын хөрөнгөөр баригдсан хүү тооцсон орон сууцны нэг м.кв 600-700 мянган төгрөг,
Улаанбаатар хотын хувьд нэг м.кв нь нэг сая төгрөг дотор байх бүрэн боломжтой гэсэн хариу гарчээ.
Энэ талаар ОССК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга хэлэхдээ: Орон сууцны үнийг тогтворжуулах төслийг иргэд “үлгэр” мэт хүлээж аваад байна. Энэ бол “үлгэр” биш. Одоо ажил хэрэг болох гэж байна. Үүний тод жишээ нь ОССК-аас барьж буй “Буянт-Ухаа” хорооллын эхний ээлж бөгөөд нэг м.кв нь 950 мянган төгрөгний үнэтэй. 28 ширхэг есөн давхар, 1764 айлын энэ орон сууцны эхний ээлж есдүгээр сард түлхүүрээ гардуулна. Гүйцэтгэл нь 85 хувьтай байна гэсэн юм.