СӨХ-г байгуулахын тулд хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх ёстой

    ТОСК-ийн түрээсийн орон сууц удирдлага ашиглалтын хэлтэс,  ХУД-ийн дэд бүтэц тохижилтын хэлтэс, ОСНАА-н “Опен хаус өнө” ХХК-ний төлөөллүүд уулзалт зохион байгууллаа. Тэд “Буянт-Ухаа1” хорооллын оршин суугчид өөрсдөө СӨХ-оо байгуулах хүсэлтэй байгааг харгалзан үзэж, хэрхэн мэдээлэл хүргэх тал дээр зөвшилцсөн юм. ТОСК-иас өнгөрсөн 10-р сарын 25-ны өдөр “нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Тус өдөрлөгөөр 114 оршин суугч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бол 67 өрхийн 284 иргэн хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэжээ.

Өнөөдрийн байдлаар 1300 гаруй өрх шинэ орон сууцандаа орсноос 488 иргэн хаягийн шилжилт хөдөлгөөн хийсэн байна. СӨХ-г тухайн хорооллын нийт оршин суугчдын 51 хувь нь бүрдсэн тохиолдолд өөрсдөө байгуулах бүрэн эрх үүсдэг. Тиймээс “Буянт-Ухаа1” хорооллын оршин суугчид шилжилт хөдөлгөөнөө хийлгэснээр СӨХ-оо байгуулах хууль эрхзүйн орчин бүрдэх юм. Харин хууль эрхзүйн хүрээнд зөвөлгөө, зааварчилгаа өгөх “Буянт-Ухаа1” хорооллын оршин суугчид богино хугацаанд СӨХ-оо байгуулахад нь дээрх хэлтсийн мэргэжилтнүүд хамтарч ажиллан дэмжлэг үзүүлэх юм.  ТОСК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.