You are currently viewing Төрийн орон сууцны корпораци “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ыг эхлүүллээ

Төрийн орон сууцны корпораци “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ыг эхлүүллээ

Монгол Улсад шинэ цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Уг ойг угтан “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ыг Төрийн орон сууцны корпорациас нийслэлийн хэмжээнд эхлүүллээ. Аяны хүрээнд өнөөдөр Барилга, урлаг, спортын салбарынхны нэгдсэн туг мандуулах ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Монголын барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, БХБЯ-ны Барилга, дэд бүтэц хариуцсан албаны дарга Н.Энхтуяа болон ТОСК-ийн төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч 30 орчим барилгын компаний удирдлагууд, инженер, техникийн ажилчид урлаг, спортын салбарын төлөөлөл оролцсон юм. Тугийг Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, МУГЖ Л.Болдбаатар, Монгол улсын арслан П.Бүрэнтөгс нар өргөлөө. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга “Төрийн орон сууцны корпорациас эхэлж буй “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы туг нэг жилийн хугацаанд арвин их бүтээн байгуулалт, ололт амжилтыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү тугийг мандуулж байгаагийн гол зорилго бол Монголын барилгын компаниуд маань нэгдэж, нэг зүгрүү зорилго нэгтэйгээр харж, улмаар хамтдаа зорилтоо тодорхойлон их хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад дуу нэгтэйгээр оролцоход оршиж байгаа юм. Манай байгууллага дээр туг аялах нэг сарын хугацаанд хамт олон маань 14 багц ажлыг хийхээр төлөвлөөд байна.” Гэсэн юм. Мөн “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы хүрээнд Төрийн орон сууцны корпораци Шастины нэрэмжилт Улсын 3-р төв эмнэлгийн Зүрх судлалын тасагт иж бүрэн засвар хийх санаачлагыг гаргажээ. Уг тасгийг олон улсын жишигт нийцүүлэн засаж, тохижуулахад зарцуулагдах хөрөнгийг ТОСК-ийн төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч 30 орчим барилгын компани нэгдэж, бүрдүүлсэн юм.

Leave a Reply