You are currently viewing 10 хувийн асуудлыг УИХ- аас бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

10 хувийн асуудлыг УИХ- аас бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг дараах байдлаар багцлан хүргэж байна.

Ипотекийн зээлийн ерөнхий тоон үзүүлэлт

Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлнээс хойш нийт 67612 иргэнд 2957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож, 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувь, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа нь зээлийн чанар 97.7 хувьтай буюу өндөр үзүүлэлт гэдгийг тодотголоо.

10 хувийн асуудлыг УИХ- аас бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс барилгын салбарыг дэмжих зайлшгүй шаардлага тулгарсныг Ерөнхий сайд онцлоод Засгийн газар энэ арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд “Нийгмийн даатгалын сангийн тухай” хуульд нийгмийн даатгалын санг дотоодын институциональ хөрөнгө оруулагч болгон ашиглах, тус сангийн хуримтлалаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн. Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй. Ингэснээр иргэд 10 хувийг төлөөд, урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдүүлэхийг засгийн газрын зүгээс баримтлан ажиллаж буй аж. Уг асуудлыг Улсын Их Хурал бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар урьдчилгаа төлбөрийг бууруулах бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ.

“Буянт-Ухаа-1” хороолол

bu-1960

ТОСК-оос 1764 айлын орон сууцны барилга бүхий “Буянт-Ухаа 1” хорооллыг 2014 онд барьж ашиглалтад оруулсан явдал юм. Уг хороололд байр авах хүсэлтэй 9094 иргэнийг бүртгэж, шаардлага хангасан 5935 хүнээс 1540 иргэнийг МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулсан.

Уг хороололд байр авсан айл өрхийн 1114 нь төрийн албан хаагч, 320 залуу гэр бүл, 161 нь ахмад настан, 54 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 87 эмч байгаа аж. Тус хорооллын бохир усыг татан зайлуулах зорилгоор нисэхийн цэвэрлэх байгууламжийг 2000 м/куб бохир ус хүлээн авах чадал бүхий цэвэрлэх байгууламж шинээр барьж өргөтгөжээ. Энэхүү цэвэрлэх байгууламж нь нисэх орчмын бүх орон сууцны бохир усыг 92 хувьтай цэвэрлэж байгаа юм байна.

“Буянт-Ухаа-2” хороолол

bu2_625-320

ТОСК-ын хийж буй дараагийн том ажил бол “Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 2592 айлын орон сууц. Тус хорооллын барилгын гаднах ажил дуусаж, дотоод заслын ажилдаа орсон байна. Уг орон сууцны хороололд 9 давхар 54 айлын 48 орон сууц, 12 давхар 65 айлын 60 орон сууц баригдах юм байна. Энэ нь нийтдээ 6492 айлын орон сууцны хороолол байх юм. 1250 хүүхдийн 2 сургууль, 240 болон 280 хүүхдийн тус тус 1 цэцэрлэг, 5 давхар үйлчилгээний төв 12, 409 машины багтаамжтай 7 давхар автомашины нэгдсэн граж тус хороололд баригдахаар төлөвлөжээ.

Түүнчлэн ТОСК-ийн үйл ажиллагааны хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II“ хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна гэж мэдэгдлээ.

Харин Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд найман байршлын 14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулжээ.

Шинэ яармаг төсөл

159ba36758cb4d04d8d4d199bfc7f44b

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Шинэ суурьшлын бүсэд орон сууцны хорооллыг, нийгмийн байгууламжийн хамт цогцолбороор нь барихад урт хугацаатай, бага хүүтэй, гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх нь ач холбогдолтой гэж үзэж байна. “Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжсэнээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулагдах юм.

Эко яармаг төсөл

render4

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн замаар хэрэгжүүлэх энэхүү төслийг Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бөгөөд нийт 16.5 га талбайд 1680 айлын орон сууц барих юм. Төслийг БНТУ-ын EYG компани өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэхээр “Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ” байгуулжээ. “Эко яармаг” хороололд 400 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль тус тус баригдахаар төлөвлөгдсөн байна.