Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдах орон сууцад
захиалга авах, худалдан борлуулах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ /цаашид “ТОСК” гэх/-ын захиалгаар Нийслэл болон орон нутагт баригдаж буй орон сууцад төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэд, шууд худалдан авах иргэдийг хамруулах зарчмыг тодорхойлох, орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага, захиалга авах, худалдан борлуулах, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Орон сууцад захиалга авах, худалдан борлуулах ажиллагаа нь Монгол Улсын иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжууд, “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”, УИХ, Засгийн газрын тогтоол, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын тушаал, шийдвэрт нийцнэ.
Хоёр. Нэр томьёоны тайлбар
2.1 “Орон сууцад захиалга авах, худалдан борлуулах ажиллагаа” гэж энэхүү журамд заасан нөхцөл шалгуур, шаардлагыг хангасан иргэнтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахыг,
2.2 “Орон сууцны 8± хувийн хүүтэй зээл” гэж орон сууцны ипотекийн зээлийн журамд заасан орон сууцны урт хугацаат, бага хүүтэй зээлийг,
2.3 “Квотын эрх бүхий төрийн албан хаагч” гэж Төрийн байгууллагад хуваарилсан орон сууцны тоон хязгаарын хүрээнд өөрийн ажилладаг төрийн байгууллагаас квот авсан төрийн албан хаагч иргэнийг,
2.4 “Зорилтот бүлгийн иргэн” гэж Нийслэл болон орон нутагт баригдаж буй орон сууцнаас сонгож, урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрөө банк, банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээл, банкны баталгаагаар шийдвэрлэх хүсэлтэй иргэнийг,
2.5 “Шууд худалдан авах” гэж Нийслэл болон орон нутагт баригдаж буй орон сууцнаас сонгож, төлбөрөө 100 хувь төлж, гэрээ байгуулахыг,
2.6 “Орон сууцны квот олгох” гэж Төрийн байгууллагаас энэхүү журмын шалгуур, шаардлага хангасан ажилтнаа орон сууцад хамруулахаар дэмжлэг үзүүлснийг харгалзан тухайн төрийн байгууллагад ТОСК-иас орон сууцад хамруулах эрх олгох ажиллагааг,
Гурав. Орон сууцад захиалга авах, худалдан борлуулах үйл ажиллагааны зарчим, хүрээ
3.1 ТОСК нь өөрийн захиалгаар баригдаж буй орон сууцаа Монгол Улсын Засгийн газрын хүн амыг орон сууцжуулах бодлого, нийслэл болон орон нутагт хэрэгжиж буй төслийн үндсэн зорилт агуулга, засгийн газрын бондын хөрөнгийн эргэн төлөлттэй уялдуулан худалдан борлуулах зарчим баримтална.
3.2 ТОСК нь өөрийн захиалгаар Нийслэл болон орон нутагт баригдаж буй нийт орон сууцыг дараах этгээдүүдэд худалдан борлуулна. Үүнд:
3.2.1 Квотын эрх бүхий төрийн албан хаагч
3.2.2 Зорилтот бүлгийн иргэд
3.2.3 Орон сууц шууд худалдан авах хүсэлт бүхий иргэн аж ахуй нэгж байгууллага
3.3 “Буянт-Ухаа” 1 орон сууцны хорооллын орон сууцад захиалга өгөхөөр цахимаар бүртгүүлсэн боловч сугалаагаар эрх авч чадаагүй иргэдийг тэргүүн ээлжид хамруулах зарчмыг баримтална.
3.4 ТОСК нь энэ журмын 3.2-т заасан иргэдийн орон сууц захиалах, худалдан авах тооны хязгаарыг Ерөнхий захирлын тушаалаар батална.
3.5 Энэхүү журмын 3.3-т заасан ерөнхий захирлын тушаалаар батлагдсан тоон хязгаарт иргэд 100 хувь захиалга өгөөгүй, худалдан аваагүй нь орон сууцны худалдан борлуулах өртгийг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсгэвэл тухайн квотыг бусад квот руу шилжүүлж, мөн байрны урьдчилгааг төлж, банкны зээлийн шаардлага хангасан байр худалдан авах боломжтой иргэдэд худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулж ажиллана.
Дөрөв. Орон сууцад захиалга өгөх, худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлага
4.1 Энэхүү журмын 3.2-т заасан этгээд нь орон сууц захиалах, худалдан авахаар хүсэлт гаргасан бол дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
4.1.1 Монгол Улсын иргэн байх,
4.1.2 ТОСК-ийн захиалгаар Нийслэл болон орон нутагт баригдаж буй барилгад захиалга өгөх тохиолдолд холбогдох банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангасан байх,
4.2 Орон сууцны төлбөрөө 100 хувь төлж, орон сууц худалдан авах иргэнд энэ журмын 4.1.2-т заасан шаардлага хамаарахгүй болно.
4.3 ТОСК-ийн захиалгаар баригдаж буй орон сууцад захиалга өгч, орон сууц худалдан авсан иргэн нь тухайн орон сууцыг бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орон сууцны зориулалтаас өөрөөр ашиглахгүй.
Тав. Орон сууцад захиалга авах, худалдан борлуулах ажиллагаа
5.1 ТОСК нь өөрийн захиалгаар Нийслэл болон орон нутагт баригдаж буй орон сууцад захиалга авах, худалдан борлуулах ажиллагааг тухайн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувиас дээш болсон тохиолдолд энэ журмын 3.2-т заасан этгээдүүдийн дунд дараах байдлаар зохион байгуулна.
5.2 Квотын эрх бүхий төрийн албан хаагчдаас захиалга авахдаа дараах ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
5.2.1 ТОСК-ийн захиалгаар баригдаж буй хямд өртөг бүхий чанартай орон сууцад өөрийн ажилтнаа хамруулах хүсэлт бүхий төрийн байгууллагын албан хүсэлт, хэрэгцээг бичгээр авах,
5.2.2 Тухайн байгууллагад хуваарилсан квотын хүрээнд орон сууцад хамрагдах хүсэлт бүхий орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд заасан шаардлага хангасан ажилтнуудын жагсаалт,
5.3 Зорилтот бүлгийн иргэдээс орон сууцны захиалга авах, худалдан борлуулахдаа дараах ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
5.3.1 Орон сууцы урьдчилгаа болон үндсэн төлбөрөө хэрхэн төлж барагдуулах талаар холбогдох маягтыг бөглөсөн байх,
5.4 Орон сууцны төлбөрөө 100 хувь төлж, худалдан авах хүсэлтэй иргэдэд орон сууц худалдан борлуулахдаа дараах ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
5.4.1 Худалдан авахаар сонгосон орон сууцны хэмжээ, давхар, тоотыг илэрхийлсэн худалдан авах хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар,
5.4.2 Орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн баримт,
5.5 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэдийн тоо нь ТОСК-ийн захиалгаар тухайн нутаг дэвсгэрт баригдах орон сууцны нийлүүлэлтээс давсан тохиолдолд дараах аргачлалын аль боломжтой хувилбарыг сонгож хэрэглэнэ. Үүнд:
5.5.1 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэдээс энэ журамд заасан нийтлэг шаардлагыг хамгийн сайн хангасан жагсаалтыг гаргаж, дарааллын дагуу захиалга авах, худалдан борлуулах,
5.5.2 Хүсэлт бүхий иргэдийн дунд сугалаа зохион байгуулах,
5.6 ТОСК нь энэ журмын 5.2-5.4-т заасан ажиллагааг зохион байгуулж, мөн журмын 4.1, 4.2-т заасан шаардлага хангасан этгээдтэй орон сууц захиалан бариулах гэрээг холбогдох журмын дагуу байгуулна.
Зургаа. Төлбөр төлөх нөхцөл
6.1 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэн нь худалдан авах орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа хэлбэрээр төлөх бөгөөд урьдчилгаа төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулж болно. Үүнд:
6.1.1 Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн аваагүй орон сууцын хувьд 10 хувийг төлж захиалгын гэрээ байгуулах бөгөөд үлдэгдэл 20 хувийг барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан төлнө.
6.1.2 Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 20-оос доошгүй хувийг банкны баталгаагаар шийдвэрлүүлэх бол энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж, банкны баталгааны талаарх холбогдох журмын нөхцөл шалгуурын дагуу шийдвэрлүүлнэ.
6.2 ТОСК нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг орон сууцны барилгыг улсын комисст хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор бэлнээр, эсхүл банкны зээлээр төлүүлнэ.
Долоо. Журамд оролцогчдын хамтын ажиллагаа, хариуцлага
7.1 Энэхүү журмын харилцаанд оролцогчид нь хамтын ажиллагааны хүрээнд энэ журмын нөхцөл шаардлагыг хангаж ажиллах бөгөөд өөрсдийн бие даасан үйл ажиллагааны хүрээнд дараах хариуцлагыг хүлээнэ.
7.2 ТОСК нь өөрийн үйл ажиллагаанд дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
7.2.1 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүн амыг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийн захиалагчийн эрх, үүрийг хэрэгжүүлж, орон сууцыг иргэдэд худалдан борлуулах ажиллагааг энэ журам болон захиалга авах, худалдан борлуулах талаар дотооддоо мөрдөгдөх журмын дагуу хариуцан зохион байгуулна.
7.2.2 ТОСК нь орон сууцны төлбөрийг 100 хувь бэлнээр төлсөн, эсхүл байрны үлдэгдэл төлбөрт банкнаас зээл олгох шийдвэр гарсан үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргаж өгнө.
7.2.3 Орон сууцны үнийг бүрэн төлсөн захиалагчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгнө.
7.2.4 Орон сууцны захиалга өгч, гэрээ байгуулсан иргэн орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох боломжгүй болсон бол гэрээг цуцалж, дараагийн захиалагчтай гэрээ байгуулна.
7.2.5 ТОСК-иас гэрээг цуцалсан захиалагчаас захиалгын гэрээнд заасан шимтгэлийг суутган, урьдчилгаа төлбөрийг буцаан олгоно.
7.3 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэд нь дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
7.3.1 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэн нь орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөрөө төлөхөөс өмнө тухайн орон сууцны үлдэгдэл төлбөрөө хэрхэн төлж барагдуулах, банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангах эсэхээ урьдчилан судалсан байна.
7.3.2 Байрны төлбөрийг энэхүү журмын 6 дугаар бүлэгт заасны дагуу төлнө.
7.3.3 Орон сууцны төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны түлхүүрээ хүлээн авч, орон сууцдаа орно.
7.3.4 Байрны төлбөрийг захиалгын гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүйгээс гэрээ цуцлагдах нөхцөлд захиалгын гэрээнд заасан шимтгэлийг суутгуулан, урьдчилж төлсөн төлбөрөө буцаан авна.
7.3.5 ТОСК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд үлдэгдэл төлбөрөө банкны зээл, эсхүл бусад байдлаар төлж барагдуулах бол тухайн асуудлаа бие даан зохион байгуулна.
7.3.6 Иргэн нь энэ журмын 6.3.5-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрөө банкны зээлээр худалдан авч чадаагүйтэй холбогдон үүсэх бүх эрсдэлээ өөрөө хариуцна.
Найм. Бусад зүйл
8.1 Энэхүү журмын хэрэгжилтэд байгууллагын дотоод хяналтын нэгж хяналт тавьж ажиллана.
8.2 Энэхүү журмаар зохицуулагдаагүй харилцааг ТОСК-ийн холбогдох бусад журам, шийдвэрийн дагуу шийдвэрлэнэ.