Нийслэл орлого багатай иргэдэд зориулан орон сууц барина. Азийн хөгжлийн банк энэ зорилгоор “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангах” төслийг нэг сая ам.доллараар санхүүжүүлж байгаа юм байна. Төслийн судалгааны ажил өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлжээ. Харин орон сууц барих ажил 2017 онд эхэлнэ. Нийслэлийн орон сууцны корпораци төслийг арван жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжүүлэх юм.
Энэ орон сууц ипотекийн орон сууцнаас ялгаатайг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ. Түүний хэлснээр урьдчилгаа төлбөрөө өгөөд найман хувийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг орон сууцжуулах боломжийг төслийн хүрээнд судалж байгаа юм байна. Улаанбаатар хотод өнгөрсөн жил 22 мянга гаруй өрх орон сууцанд орсон байна. Эдгээр өрхийн сарын дундаж орлого нэг сая төгрөг, түүнээс дээш байгаа юм.
Иймд нийслэлээс нэг сая төгрөгөөс бага орлоготой өрхөд зориулсан орон сууцны бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.
Засгийн газраас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 204 мянган орон сууцны хэрэгцээ байна. Үүнээс жар гаруй мянган өрх урьдчилгаа төлбөрөө төлөөд найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Үлдсэн нь төлбөрийн чадвар байхгүй буюу дунд болон дундаас доош орлоготой иргэд байна.
Эх сурвалж: http://tsenzurgui.mn/