Орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулагдаад 1 жил 6 сарын хугацаа өнгөрлөө. Монгол улсын Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн болон Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн засаг даргын хамтарсан шийдвэрээр байгуулагдсан тус корпорациас өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн болон ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж байна.
1.Хөтөлбөрийн санхүүжилтийн талаар
Тус хөтөлбөрийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь жилийн 7,9%-ийн хүүтэй, 180 хоног хүртэлх хугацаатайгаар арилжаалагдаж байгаа Засгийн газрын бонд юм. 2007 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан бондын эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч Голомт, Капитал, Монгол шуудан, Анод, Улаанбаатар хотын гэсэн 5 арилжааны банкуудад байршуулан хөтөлбөрийн санхүүжилтийг гүйцэтгэж байна. Банкуудад байршуулсан бондын эх үүсвэрээс барилгын гүйцэтгэлийн санхүүжилтэнд 5,5 тэрбум төгрөг, иргэдийн орон сууцны зээлд 2,0 тэрбум төгрөг, нийт 7,5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 2008 онд шинээр Хас банк хөтөлбөрт оролцогчоор хамтарч ажиллахаар болоод байна.
Засгийн газрын бондын эх үүсвэрийг зарцуулсан байдал /тэрбум төгрөгөөр/
Хөтөлбөрт оролцогч арилжааны банкууд | Голомт банк | Капитал банк | Монгол шуудан банк | Анод банк | УБ хотын банк |
Санхүүжилтийн хэмжээ | 3.1 | 1.0 | 2.5 | 0.3 | 0.6 |
2.Орон нутагт санхүүжүүлж буй орон сууцны талаар
Хөдөө орон нутагт 2007 онд 19 аймгийн төвд 20, 40 айлын, 60 сумын төвд 4, 8 айлын, нийт 1513 айлын 19,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 168 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Харин 2008 онд аймгийн төвүүдэд 17,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.
Орон нутагт баригдаж буй орон сууцны товчоо /тэрбум төгрөгөөр/
Эхэлсэн он | Орон сууцны хэв маяг | Айлын тоо | Төсөвт өртөг |
2007 он | 4, 8, 40, 20 айлын орон сууц | 1513 | 19,9 |
2008 он | 20, 38, 63, 80 айлын орон сууц | 603 | 17,0 |
Аймгийн төвүүдэд баригдаж буй 38, 40 айлын орон сууцыг бага, дунд орлоготой иргэдэд, харин 20 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад зориулан талбайн хэмжээ бага, үнэ харьцангуй хямд байхаар төлөвлөсөн юм.
Орон нутагт баригдаж буй орон сууцны талаархи мэдээлэл /төгрөгөөр/
Орон сууцны хэв маяг | Давхрын тоо | Талбайн хэмжээ | Нэгж талбайн үнэ |
4 айлын сууц | 1 | 23,6 м2 | 223,000 төгрөг |
40 айлын сууц | 5 | 23,0 – 40,2 м2 | 550,000 төгрөг |
3.Улаанбаатар хотод санхүүжүүлж буй орон сууцны талаар
Улаанбаатар хотод УМБГ, УМХГ-ын 121 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж, эдгээр байгууллагын 51 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацааны зээлд хамруулаад байна. 2008 онд нийслэлийн төрийн байгууллагуудын 866 айлын орон сууцны барилгыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Мөн түүнчлэн 2008 онд нийслэл хотод баригдах Нисэхийн 350 айлын орон сууцны барилга, угсралтын ажлыг эхлүүлээд байна.
Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны товчоо /тэрбум төгрөгөөр/
Орон сууцны хэв маяг | Айлын тоо | Төсөвт өртөг | 2008 онд санхүүжүүлэх |
Төрийн байгууллагуудын орон сууц | 866 | 13.6 | 13.6 |
Нисэхийн 350 айлын орон сууц | 350 | 7.6 | 7.6 |
7-р хороолол “Г” хэсгийн орон сууц | 1000 | 25.8 | 11.5 |
Дүн | 2217 | 46.4 | 32.7 |
Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын “Г” хэсгийг барилгажуулах ажлыг ОССК хариуцан санхүүжүүлж захиалагчаар ажиллах юм. Энэ хэсэгт 1000 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн нэгжийг байгуулан бэлтгэл ажлыг хангуулах үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны талаархи мэдээлэл /төгрөгөөр/
Орон сууцны хэв маяг | Давхрын тоо | Талбайн хэмжээ | Нэгж талбайн үнэ |
Төрийн байгууллагуудын орон сууц | 5-12 | 34,0 – 65,6 м2 | 400,000* |
Нисэхийн 350 айлын орон сууц | 9 | 40,7 – 64,7 м2 | 550,000* |
7-р хороолол “Г” хэсгийн орон сууц | 9-12 | 40,7 – 70,0 м2 | 630,000* |
* Инженерийн шугам сүлжээ, газар чөлөөлөх зардлаас шалтгаалан нэгж талбайн үнэ хэлбэлзэлтэй байна.
4. Иргэдийн орон сууцны зээлийн талаар
ОССК-ийн ТУЗ-ийн 2008 оны 02 тоот тогтоолоор “Иргэдэд олгох орон сууцны санхүүжилтийн зээлийн журам”-ыг батлуулснаар иргэд зах зээлээс орон сууцыг жилийн 11%-ийн хүүтэй, 10 жилийн хугацаатай, 25 сая төгрөг хүртэлх хэмжээтэй зээлээр худалдан авах арга хэмжээг шинээр эхлүүлээд байна. Одоогийн байдлаар хөтөлбөрт оролцогч 5 арилжааны банкаар дамжуулан 125 иргэнд 2,0 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 2008 онд иргэдийн зээлд 16,0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Иргэдийн зээл олгосон байдал /тэрбум төгрөгөөр/
Хөтөлбөрт оролцогч арилжааны банкууд | Голомт банк | Капитал банк | Монгол шуудан банк | Анод банк | УБ хотын банк |
Хамрагдсан иргэдийн тоо | 55 | 22 | Орон нутагт | 10 | 38 |
5. Дүгнэлт
ОССК нь байгуулагдсанаас хойшхи 1 жил 6 сарын хугацаанд 7,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажлыг гүйцэтгэж, 229 иргэнийг орон сууцны зээлд хамруулсан байна. Түүнчлэн баригдаж буй орон сууцны чанар, стандартын баталгааг хангах, орон нутгийн захиргаанаас газар олгуулах болон инженерийн шугам сүлжээг улсын төсвөөр санхүүжүүлэх замаар нэгж талбайн үнийг хямдруулах, иргэдийн орон сууцны зээлийн хүүг хамгийн бага байлгах, орон нутагт зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулах зэрэг иргэд рүүгээ чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.