Засгийн газрын ээлжит хуралдаанаар урт хугацаат орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах шийдвэр гарсан.Өөрөөр хэлбэл, Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгох юм.Энэ нь олон иргэний магнайг тэнийлгэж байна.
Гэхдээ одоогоор зээлийн хүүг бууруулах шийдвэр биелэлээ олоогүй байгаа юм.Үүнээс үүдэлтэйгээр зарим иргэн ОССК-тай гэрээ хийх хугацаагаа сунжруулах хандлагатай болжээ.Одоогийн байдлаар тус корпорациас олгож байгаа зээлийн жилийн хүү найман хувьтай байна.
Орон сууц санхүүжилтийн корпорацийн Зээлийн газрын захирал М.Уламбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-"4000 орон сууц" хөтөлбөрт хэчнээн төрийн албан хаагч хамрагдаад байна?
-Одоогийн байдлаар гурван мянга гаруй хүн хамрагдсан.Үүнд 96 гаруй тэрбум төгрөгийг шийдсэн байгаа.
-Зээлийн хүүг зургаан хувь болгох шийдвэр гарлаа.Өмнө нь найман хувийн зээл авсан иргэд үүнд хамрагдаж хүүгээ бууруулах хүсэлтэй байна.Энэ нь бололцоотой юу?
-Зургаан хувь болгоно гэж яригдаж байна.Манайд энэ талаар чиглэл өгсөн эцсийн шийдвэр ирээгүй.Одоогийн байдлаар зээлийн хүү жилийн найман хувь байгаа нь хамгийн бага юм.Арилжааны банкуудын дундаж хүү 15-16 хувьтай буюу хоёр дахин их байгаа шүү дээ.Бидэнд тодорхой чиглэл, шийдвэр ирсний дараа энэ бүх асуудал зохицуулагдана.Одоогоор ийм тийм гэж хэлэх боломж алга.
-"100 мянган орон сууц" хөтөлбөр хавраас эхэлнэ.Энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийн зээлийн жилийн хүү тодорхойгүй байгаа гэсэн үг үү?
-"100 мянган орон сууц" нь "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн том ажил юм.Бидэнд эцсийн байдлаар ирсэн мэдээлэл алга байна.Зургаан хувийн хүү нь одоогийн орон сууцны зээлийн хамгийн бага хүү учраас хүн болгон энэ зээлд хамрагдах хүсэлт гаргана.Тиймээс Засгийн газрын зүгээс хотын захад амьдардаг, орон сууцтай болох боломжит иргэдээ эхний ээлжинд хамруулах чиглэлтэй байгаа юм.
Монгол банкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж "Бүх орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх юм бол улсын эдийн засагт асуудал үүснэ.Нөгөө талаас халамжийн тал руугаа орох эрсдэлтэй" гэсэн юм.
Харин Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан "Нэг хэсэг нь зургаа, нөгөө нь 15 хувийн хүүтэй байж болохгүй байх.Энэ нь эдийн засагт үзүүлэх дарамтнаас шалтгаална.Зээлийн хүүг нийтэд нь зургаан хувь болгох нь үнэгүй юм өгч байгаа хэрэг биш шүү дээ" гэлээ.
Зургаан хувийн хүүтэй зээлийг төрийн болон хувийн хэвшлийнхэнд олгоно.Хувийн хэвшилд ажиллаж буй иргэдэд арилжааны банкаар дамжуулж олгох гэнэ. Бусад нь хараахан тодорхой болоогүй байгаа юм байна.
Шадар сайдаар ахлуулсан Үндэсний хороо дээрх асуудлыг хариуцаж байгаа бөгөөд энэ долоо хоногт хуралдан, шийдвэрээ гаргах аж.
Э.Энхцолмон http://niigmiintoli.mn/