"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн боллоо.
ТОСК ТӨХХК нь дээрх 3 сумын нутагт байрлах өөрийн эзэмшлийн газруудад орон сууцны барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцлийг батлуулсан бөгөөд инженерийн дэд бүтцийн ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдэх юм. Харин барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 блок 5 давхар бүхий 160 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бол Баянчандмань суманд 3 блок 5 давхар 120 айлын орон сууцыг, Лүн суманд 2 блок 5 давхар 80 айлын орон сууцыг барихаар төлөвлөөд байна.
Энэ ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудын засаг дарга нартай уулзаж, санамж бичиг байгуулахаар боллоо.

